ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Өнөөдөр 2021.09.13. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандлаа, 19 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Маврикид Инженерийн өдөр бол ОХУ-д Программистуудын өдөр.

Энэ өдөр Латвийн Ерөнхийлөгч асан Гунтис Улманис, Английн жүжигчин Жаклин Биссет, Оросын хөгжмийн зохиолч Олег Кваша, Америкийн гитарчин Дэйв Мастейн, Шведийн модель Эмма Виклунд, Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро, Германы хөлбөмбөгч Томас Мюллер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1736 оны энэ өдөр Челябинск хот байгуулагджээ.

1902 оны энэ өдөр Их Британид анх удаагаа буруутныг тогтооход хурууны хээ ашигласан байна.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн, бактериологич Александр Флеминг анх удаагаа пенициллинийг нээснээ нийтэд зарлажээ.

1965 оны энэ өдөр АНУ-д “Битлз”-ийн алдарт “Yesterday” сингл гарчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин нар Палестины автономыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байв.

1997 оны энэ өдөр Германы Ту-154 онгоц Америкийн C-141 онгоцтой Атлантын далайн дээр мөргөлдөж, 33 хүн амиа алджээ.

2001: Осама бин Ладены гэр бүлийн 24 хүн Холбооны мөрдөх товчооны хяналт дор агаарын замаар АНУ-ын нутаг дэвсгэрийг орхижээ. Энэ өдөр есдүгээр сарын 11-ний халдлагаас шалтгаалан АНУ-ын бүх нисэх буудлыг хаасан байна.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top