Бодлогын хүүг хэвээр үлдээх МАГАДЛАЛТАЙ

2021 оны 09 сарын 14

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ долоо хоногт мөнгөний бодлогын шийдвэрээ гаргана.

 

Өнгөрсөн зургаадугаар сард Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Уг шийдвэр гарах үеийн нөхцөл байдлыг авч үзвэл жилийн инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувьтай байсан.

Мөнгөний бодлогын хорооны зүгээс  “Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл долоодугаар сарын байдлаар инфляц Улаанбаатар хотод 7.9 хувь, улсын хэмжээнд 7.4 хувьтай байна.

 

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг маргааш танилцуулах товтой байгаа. Тэгэхээр маргааш инфляцын үзүүлэлт шинэчлэгдэнэ гэсэн үг.

 

Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, ковидын эрсдэл, инфляцын өсөлтийн уг шалтгаануудыг аваад үзэхээр Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа Бодлогын хүүг дахин 6 хувьд хэвээр хадгалж үлдээх магадлал өндөр юм.

Мөнгөний бодлогын хорооны зүгээс өмнөх шийдвэрээ гаргасныхаа дараа “Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

“Монголбанкны Ерөнхийлөгч “Нийлүүлэлтийн шинж чанартай инфляц дээр бид маш болгоомжтой хандана. Төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэхээр хэдийгээр нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляц өсч байгаа ч гэсэн дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна. Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцад Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм. Мөн инфляцын багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь тайлбарлаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг.” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тодотгоход, Бодлогын хүү буурна гэдэг бол арилжааны банкуудын нөөц Төв банкны үнэт цаасанд байрших таатай боломж буурч, эдийн засаг руу гарах зээлийн хэмжээ нэмэгдэх нөхцөл илүү бүрдэнэ гэсэн үг.

Гэхдээ банкууд ковид цар тахалтай холбоотойгоор Бодлогын хүүгийн түвшин үл харгалзан, эрсдэлээс хол байхын тулд эх үүсвэрээ Төв банкны үнэт цаасанд байршуулах хандлага давамгайлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top