Ковидын үеийн дэмжлэгийн талаар бизнес эрхлэгчид ЮУ ХЭЛЭВ

2021 оны 09 сарын 15

Ковид цар тахлын улмаас ойр ойрхон давтамжтайгаар хязгаарлалтад орсон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өөрийн хүчээр эргэн сэргээх боломж хомс байна гэсэн судалгааны дүнг  МҮХАҮТ-аас өнгөрсөн хавар гуравдугаар сард  танилцуулж байсан билээ.

Уг судалгаатай зэрэгцэн Засгийн газраас 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Сангийн сайдын өгч буй мэдээллээр уг төлөвлөгөө зарлагдсанаас хойш наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн зээл олгож, 125 мянган ажлын байр хамгаалагдсан гэж байгаа юм.

Тэгвэл МҮХАҮТ-аас цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор дахин судалгаа хийсэн байна. Цахим хэлбэрээр авсан уг судалгаанд  Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгч оролцжээ.

Ковидтой холбогдох Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дэмжлэг авсан эсэхийг тодруулахад, судалгаанд оролцогчид  дараах хариултыг өгчээ.

 

Цар тахлын үед Засгийн газрын дэмжлэг авсан байдал



 

Аж ахуйн нэгжийн төрөл харгалзахгүйгээр судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн хамгийн өндөр хувьтай дэмжлэг хүртсэн арга хэмжээ нь ус цахилгаан, дулааны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ байна.

 

Засгийн газрын дэмжлэг авсан байдал, бизнесийн төрлөөр


Харин гурван хувийн хүүтэй зээлд эцсийн болон завсрын бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэгчид хамрагдсан бол тээвэр зууч, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн хувьд ямар нэгэн дэмжлэг аваагүй гэсэн хариулт нь бусад төрлийн бизнес эрхлэгчдээс өндөр хувьтай гарчээ.

 

Засгийн газрын 3 хувийн зээлд хүсэлт гаргасан, зээл нь дэмжлэг болсон эсэх



 

Судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 49% нь гурван хувийн хүүтэй зээлд хүсэлт гаргасан бол 43% нь хүсэлт гаргаагүй, 8% нь зээл авахаар бэлтгэж байна гэж хариулжээ.  Зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдээс энэхүү зээл бодит дэмжлэг болсон эсэхийг тодруулахад 39% нь тодорхой хэмжээнд дэмжлэг болсон, 19% нь маш сайн дэмжлэг болсон гэсэн бол 28% нь дэмжлэг болоогүй, 13% мэдэхгүй гэж хариулжээ.

 

Цаашид эдийн засгийг сэргээх, тодорхой салбарыг дэмжсэн зээлийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлбэл анхаарах асуудлууд юу байна вэ гэдгийг судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдээс  тодруулахад:

 

  • 64% нь зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах

 

  •  55% нь барьцаа хөрөнгийн шаардлагад дэмжлэг үзүүлэх

 

  •  50% нь зээлийн хугацааг уртасгах

 

  • 43% нь зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэжээ.

 

 

Харин орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд:

 

  • 59% нь зээлийн нөхцөл, шаардлагыг сулруулах

 

  • 55% нь зээлийн хугацааг нэмэгдүүлэх

 

  • 49% нь барьцаа хөрөнгийн шаардлага дээр дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзжээ.

 

Судалгаанаас үзэхэд зээлийн нөхцөл, шаардлагыг сулруулах хэрэгцээ шаардлага салбар хамаарахгүйгээр бүхий л бизнес эрхлэгчдэд байна. Гадаад худалдаа, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт барьцаа хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй. Хөдөө аж ахуй, дотоодын тээврийн бизнес эрхлэгчдэд зээлийн хугацааг уртасгах, олон улсын тээврийн компаниудад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал байгаа нь судалгаанаас харагдаж буй юм.

 

Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд:

 

  • Бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) хомстол

 

  • Бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал

 

  • Тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал гэсэн гурван асуудлыг бизнес эрхлэгчид онцолжээ.

 

Орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байна гэж голчлон хариулсан байна. Цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон сэргээхэд судалгаанд оролцогчдын 36% нь Засгийн газрын гурван хувийн хүүтэй  зээл, 27% нь банкны бизнесийн зээл, 28% нь өөрийн эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлж (төлөвлөж) байгаа бол, 29% нь ямар нэг эх үүсвэр байхгүй байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top