Үнийн өсөлт Төв банкны зорилтоос ДАВЛАА

2021 оны 09 сарын 16

Инфляц буюу үнийн өсөлт наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Долоодугаар сарын үзүүлэлтээр инфляц улсын хэмжээнд 7.4 хувь, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байсан. Тэгвэл ийнхүү сүүлийн үзүүлэлтээр улсын хэмжээнд инфляц 9 хувийг шүргэж, Төв банкны зорилтоос давж байна.

Сануулахад, Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр энэ онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусган, батлуулсан. Түүнчлэн инфляцын өсөлтийн одоогийн үзүүлэлт энэхүү зорилтын дээд хязгаараас давж гарлаа. 

Наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 8.9 хувь гарсны 3.7 нэгж буюу 42 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт эзэлсэн бол импортын барааны үнэ 49.4 хувиар нөлөөлсөн гэж ҮСХ мэдээлж байна.

Монголбанкны зүгээс үнийн өсөлтийн үндсэн шалтгаанууд нийлүүлэлтээс үүдэж буй нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Энэ долоо хоногт Мөнгөний бодлогын хороо хуралдан, шийдвэрээ гаргах товтой.

Өнгөрсөн зургаадугаар сард Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

Уг шийдвэр гарах үеийн нөхцөл байдлыг сануулахад, инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувьтай байсан юм.

Мөнгөний бодлогын хорооны зүгээс  “Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Түүнчлэн  өмнөх шийдвэрээ гаргасныхаа дараа “Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн шийдвэрээ гаргахдаа Төв банкны зорилтоос давсан инфляцын өсөлтийн уг шалтгаанууд хийгээд эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал, ковидын эрсдэл зэргийг тооцож үзэх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top