Хунтайж Филиппийн гэрээслэлийг 90 жилийн дараа ил болгоно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Лондонгийн өндөр шүүх Их Британийн хатан хаан II Элизабетийн нэр төрийг хамгаалах үүднээс хунтайж Филиппийн гэрээслэлийг 90 жил нууцлах шийдвэр гаргасан тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Тус шүүхийн гэр бүлийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Эндрю Мафарлейны хэлснээр, Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн гэрээслэлийг нууцалдаг уламжлалын дагуу хунтайж Филиппийн эцсийн хүсэлтийг 90 жилийн дараа ил тод болгохоор болжээ. Энэ бүх хугацаанд гэрээслэлийг Лондонгийн өндөр шүүхийн гэр бүлийн асуудал эрхэлсэн хэлтсийн даргын сейфэнд хадгалах аж.

Эндрю Мафарлейн өөрөө ч гэрээслэлийн агуулгатай танилцаагүй гэж тодруулаад 90 жилийн дараа хунтайжийн хүсэлтийг биелүүлнэ гэж онцолжээ.

Одоогоор Лондонгийн өндөр шүүхийн гэр бүлийн асуудал эрхэлсэн хэлтсийн даргын сейфэнд Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн сүүлчийн хүсэлт бүхий 30 битүүмжилсэн дугтуй хадгалагдаж байдаг аж. Энэхүү уламжлалыг 1997 онд Диана гүнжийг нас барсны дараа зөвхөн нэг л удаа зөрчиж байсан түүхтэй. Диана гүнж өөрийн өв хөрөнгөө хөвгүүддээ буюу ханхүү Харри, Уильям нарт 25 нас хүрэхэд нь өвлүүлэхийг хүссэн байжээ.

Хунтайж  Филипп энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа өөд болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top