Гашуунсухайтын боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөллөөр БНХАУ нүүрс татан авалтаа бууруулаад байна.
Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долоодугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.
Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэв.
Сэтгэгдэл ( 0 )