Ши Жиньпин: Хятад улс нүүрсээр ажилладаг ДЦС-ын төсөлд оролцохгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Хятад улс хүлэмжийн хийг багасгах зорилгын хүрээнд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих төсөлд оролцохгүй гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ мэдэгдлээ. 

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий аасамблейн чуулганд цахим хэлбэрээр оролцсон юм.

БНХАУ хөгжиж буй орнуудад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрс устөрөгчийн ялгаруулалтыг багасгахад нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж амлалаа.

Тэрбээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө итгэлцлийг бэхжүүлэх, дэлхийн өмнө тулгарч буй сорилт, заналхийллийг хамтдаа туулахыг уриалж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг санал болгов. Хөгжил нь хүний сайн сайханд хүрэх түлхүүр юм гээд тэнцвэртэй, зохицуулалттай, оролцоотой хөгжлийн төлөө хамтарч ажиллахыг уриалжээ.

Хятад улс нь ямар ч тохиолдолд бусад улсад довтлохгүй, ноёрхлоо тогтоох гэж эрмэлзэхгүй. Хятадын ард түмэн үргэлж энх тайван, эв найрамдлыг эрхэмлэн, тэмүүлж ирсэн. Хятад улс хөгжил цэцэглэлтээрээ дамжуулан дэлхий дахинд хөгжлийн шинэ боломжуудыг бий болгосоор байх болно гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Хятад улс энэ онд багтаан бусад улс орнуудад хоёр тэрбум тун коронавирусний эсрэг вакцин нийлүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв. Түүний хэлснээр, вакцинжуулалт нь Ковид-19-ийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг юм. Өдгөө вакциныг дэлхийн бүх оронд шударгаар тэнцвэртэй хуваарилах явдал нь нэн  чухал асуудал болж байна гэв. Мөн энэ онд багтаан тус улс хөгжиж буй орнуудад зориулан 100 сая тун вакциныг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно гэж Ши Жиньпин онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top