ОХУ-аас нефтийн бус бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх талаар ярилцав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ-тай хамтран Монгол-Оросын бизнес уулзалт зохион байгуулжээ.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уг арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсыг зорин ирсэн бизнесийн төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид нефтийн бус бүтээгдэхүүний импорт, Монголоос гарч буй бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд санал солилцож, боломжит хувилбаруудын талаар ярилцана”  гэдгийг тодотгосон байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Сорокин В.А “ОХУ цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Цар тахлаас үүдэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа түр хугацаанд саатсан боловч өнөөдөр цөөн тооны бизнес эрхлэгчид ирж, Монголын талын бизнес эрхлэгчидтэй нүүр тулан уулзах боломж олдлоо” гээд Боршоо-Хандгайт боомтыг хөгжүүлж, автозам болон төмөр замын тээвэр ложистикийн төв болгох стратегийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарах эдийн засгийн гүүр бий болох боломжтойг онцолжээ.

Барилгын тунгалаг бүтэц /PVC/ үйлдвэрлэх, барилга байгууламжийн архитектурын цогц шийдлийг гаргаж, фасад нийлүүлдэг “Азия Сибирь” ХХК, газар хөдлөлтөд тэсвэртэй, бүх төрлийн хэмжээтэй төмөр бетон үйлдвэрлэлийн “ЖБИ-19” ХХК, 60 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй барилга болон гүүрний бүх төрлийн төмөр хийцийн “Корпораци Лесмаш” ХХК, ачаа тээвэр, гаалийн урьдчилсан болон хялбаршуулсан бүрдүүлэлт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “РТК Абакан” ХХК-ууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Монголын бизнес эрхлэгчид, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтад Монголын талаас 30 гаруй компанийн төлөөлөл, ОХУ-ын талаас барилга, тээвэр зуучийн салбарын дөрвөн аж ахуйн нэгж оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top