Амин чухал бүхэндээ монголчууд очерлож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

Социализмын үеийн нэг онигоо бий. Орос үгнүүдийг монгол  хэл рүү орчуулан толь бичиг гаргаж байж л дээ. Тэгсэн Бямбын Ренчин амбугайгаас нэг судлаач “Очередь гэдэг үгийг юу гэж орчуулж оруулах уу” гэхэд их эрдэмтэн “Орчуулж яах юм бэ, хаанаас гаралтай нь мэдэгдэж байг” гэсэн гэнэ лээ. Түүн шиг саяхан Оросоос шатахууны хамааралтай монголчууд хэдэн өдөр бензин колонкууд дээр очерлолоо.

Тэр хэдэн сунагар өдөрт олон нийт ч нэлээд бухимдаад авсан. Гэхдээ өмнө нь аливаа зүйлд дугаарлаж байгаагүй хүмүүс гэнэтийн үйл явдалтай тулгараад бухимдсан гэвэл их гэнэн тайлбар болно. Ерөөсөө Улаанбаатар хотод иргэдэд амин чухал хэрэгцээтэй зүйлс хамгийн их дараалал дугаартай байна. Жишээ нь, шатахууны дугаарлалтаас дөнгөж хөндийрөөд сайжруулсан түлшинд очерлож байна шүү дээ. Шөнөдөө хасах хэм рүү орж хүйтрээд, өдрөөр нь цас хялмаатсан явган шуурга тавьж, хүрэмний зах буулгах аргагүй энэ өдрүүдэд монгол гэрт түлшгүй бол юу болох нь ойлгомжтой. Шатахуун, түлш цаг зуурын юм гэхэд өнөөдөр улсын чанартай хэдэн эмнэлгийн дугаар дараалал ямар байгаа билээ.

Хавдар туссан, цус харвасан, халдварт өвчин авсан хүмүүс улсын эмнэлгээс шинжилгээ, эхоны дугаар аваад хөөцөлдөхөд багадаа арван өдөр зарцуулж байгаа. Энэ завсар хэдэн хүн гомдолтойгоор, өрөвдөлтэйгөөр хохирч, хорвоог орхиж байгааг тоолох ч юм биш. Манайхан груп тогтоолгоно гэж ярьдаг. Тахир дутуугийн тэтгэмжээ сунгуулахаар гурван сар ч хөөцөлдөж байгаа хүн байна шүү дээ.

КОВИД-ын шинжилгээ, банкны үйлчилгээ тэр чигтээ дугаар дараалал болсон. Төрийн бүх шатны захиргааны байгууллага бол ард иргэдээ чирэгдүүлж, тамлахын төлөө л оршдог мэт болж ялзарлаа. Төр хулгайчдаар дүүрээд нүдгүй сохор болсон гэдэг олон нийтийн бухимдалд улстөрчид эмзэглээд байдаг юм билээ. Наад зах нь энэ очерууд чинь хүмүүсийг туйлдуулж байгаа болохоор өөр хэнд гомдох вэ, нөхдөө.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөө(122.201.24.207) 2021 оны 10 сарын 02

90 оноос өмнө мах, талхнаас авахуулаад бүх юманд л дараалалд зогсдог байлаа. Одоо ч арай дээр болоод байна. Эмнэлэгт үзүүлэх дугаарыг утсаар аваад л болоо. Өөрсдөө л аргаа олохгүй энд тэнд дараалалд зогсоод, эсвэл танил тал гээд гүйгээд байдаг ш дээ.

0  |  0
12(66.181.161.23) 2021 оны 10 сарын 02

Яг үнэн хавдарын эмнэлэгт тэр чигээрээ гуйж гүйх л ажилтай даа амьд харьцаа яриа зөвлөгөө ор байхгүй\n

0  |  0
Top