ОЛОН ӨНГӨ: Редакцын өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Өглөө бүр ажил дээрээ ирэхэд сонины танил үнэр, кофены сэргэг амт, цонхны сэргэлэн гэгээ гэрэлтэн угтдаг.

Х.Доржпалам захирал аягатай кофегоо бариад редакц бүхнээр орж өглөөний мэнд мэднэ. Ихэвчлэн хөлд эвтэйхэн углааш өмсөөд яг л гэртээ байгаа мэт тухтай алхана. Хажуугаар гарахдаа сэмхэн шоглочихоод гарна. Хүмүүсийг загнахгүй ч ганц хэлсэн үг нь жинтэй бууна. Ах шиг, аав шиг алсуураа, харцаараа хэлнэ. Араас нь “Эрхэт Монгол” группийн дуу хоолой болсон О.Батсүх ах намс намс алхаад ороод ирнэ. Аанай л аягатай кофегоо барингаа шинэхэн дугаараас нямбайлан  аваад гарна. Гарах бүрдээ хэн нэгэнд сэтгэл сэргэм үг хэлчихээд гарна.

“Зиндаа” сайтаас сэтгүүлч Д.Үржинбадам зөөлөн алхаж орж ирээд зөөлөн дуугаар мэнд мэдчихээд сониноо зөөлөн тэврээд гарна. Үржээ маань хурал эхэлсэн бол сэмхэн шагалзаж байгаад бултас гээд цааш эргэнэ.

Дараа нь “ТВ8” телевизээс сэтгүүлч Э.Энэрэл чанга чанга хөхөрсөөр ороод ирнэ. Сонины залуус Энэрэлийгээ дандаа цаашлуулна. “Муудчихаад” дахиж орж ирэхгүй гэсэн ч маргааш нь цайлганаар инээгээд л ороод ирнэ. Тэгээд “Зиндаа” сэтгүүлээс эрхлэгч Э.Адъяасүрэн эелдэгхэн инээмсэглэсээр ”Нэг сонин авчих уу” гэж зөвшөөрөл авна.

Манай редакцаар орж ирж сонингоо аваад гарахдаа өглөө бүрийг өнгө оруулж тод гэгээ үлдээдэг өөр өөрийн өнгө төрхтэй хайр татам хүмүүс манай сонины өглөөг эхлүүлдэг. Сонин гэдэг тухайн өдрийн шинэ содон мэдээ, уншууртай ярилцлага, сонирхолтой сурвалжилга нийтлэлээр өдрийг эхлүүлдэг болохоор тэд манай редакцын хаалгыг заавал ийнхүү татдаг юм.

Редакцын хурал халуухан болно оо. Шүүмжлэлтэй, магтаалтай хурлаар бид ажилдаа ордог. Хурлын үеэр хаалга онголзуулсан нэгэнд хатуухан ч ханддаг байх. Гаднын хүний нүдээр ширүүхэн ч харагдаж мэдэх. Энэ хурал сониндоо сайн нийтлэл, сайн бүтээл нийлүүлэхийн төлөө шүү дээ.

Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайханы үнэлэлт дүгнэлтээр сонины хурал эхэлнэ дээ. Өөрөө их чанга дуутайг ч хэлэх үү. Уурлахаараа дуу нь улам чангарна. Тоймч С.Ууганбаяр ах сөөнгөдүү хоолойгоороо бут авна аа. Чухам хатууг цөөн үгээр хэлнэ.

Хүн бүр л нэгнийхээ дутууг хэлж, дундуурыг шүүнэ. Энэ бүхэн сонины  төлөө л шүү дээ. Маргаан мэтгэлцээнтэй хурлын дараа  бүгд урам зоригтой ажлаа эхэлж, инээлдээд л, тэврэлдээд л, хоолонд орохдоо мөнгөтэй нь нэгнийгээ даагаад л явцгаана.

Сониныхон гэдэг ийм л цагаан цайлган, хайр  халгисан хүмүүс. Ай даа, 15 намрын өмнө аравдугаар сарын 3-ны өдөр Өглөөний сонины редакцын өнгө төрх яг л ийн эхэлж байсан биз ээ.

15 жил өдөр бүр ийм л ажил, амьдрал үргэлжилж олон хүнийг хоолонд нь хүргэсэн буянтай редакц. Сонины редакц гэдэг ийм л амьд халуун, бужигнасан, ассан халуухан байдаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонин(202.21.124.4) 2021 оны 10 сарын 05

Сонины амьдрал сайхаан

0  |  0
Хөөрхөн(66.181.161.34) 2021 оны 10 сарын 05

Хөөрхөн юм бэ

0  |  0
Top