Сурсан, сургасан нэртэй хоёр жилийнхээ хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Яг нарийн тоолвол цар тахлаас үүдэн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд гурав дах хичээлийн жилдээ явж байгаа. Сурсан, сургасан нэртэй хүүхэд, эцэг эх, багш нар гурван талд үнэхээр гүрийж байна. Бага ангийн сурагчдынхаа хичээлийг аав, ээжүүд нэг муу юм хийлгээд байх боловч дунд, ахлах анги болоод ирэхээр ёстой л нөгөө “Тэгш бич” гэдэг шиг л юм болно.

Нэгэн сургуулийн дунд, ахлах ангид хичээл заадаг багшийн хэлж байгаагаар өнөөдөр хичээлийн хоцрогдолгүй хүүхэд байхгүй гэнэ. Өмнөх хоёр жил төгссөн хүүхдүүд ч авах ёстой мэдлэгээ хагас дутуу авсан гэдгийг хэлж байна. Үр хүүхдүүдээ бодож гаргасан шийдвэр, хэлж ирдэггүй өвчин учраас үүнд хэн нэгэн, албан тушаалтан, төр засаг буруугүй нь мэдээж. Гэвч хэдхэн жилийн дараа манай улсын боловсон хүчинд “Цар тахлын” гэсэн тодотголтой цоорхой үүсэх магадлал маш өндөр болсон. Тиймээс шилжилтийн үе шиг бүгд гахай үүрч, ганзага дүүрэхгүйн тулд сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг ямар нэгэн байдлаар нөхөх нь чухал байна.

Боловсролын яамнаас энэ жил танхим, цахим сургалтыг хослуулан хийхээр шийдвэр гаргаад явж байгаа. Харамсалтай нь танхимаар хичээллэсэн үеийнхээ мэдлэгийг цахимаар орох үедээ л мартах, хольж хутгах нь их байна. Цахим сургалт маш амжилттай явж байгаа гэсэн судалгаа, тооцоог албаныхан гаргадаг ч бодит байдалд өөр. Хүүхэд бүр нь гар утас, зурагтын дэлгэц ширтэж суусаар мэдрэлийн ядаргаанд орж байна.

Гар утастай, интернеттэй нь байх ч байхгүй нь ч бас бий. Цахим сургалтаар өөрийгөө хөгжүүлж, хичээлдээ сайн суралцсан сурагч олон байгааг хэлэх хэрэгтэй. Даанч хүн бүр адилгүй учраас хоцрогдолтой нь жин дарна. Тиймээс л сурсан, сургасан нэртэй явсан хоёр жилийнхээ хоцрогдлыг богино хугацаанд нөхөх хэрэг байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top