ТОДРУУЛГА: Шатахуун хэвийн олгож байгаа, хомсдол үүсээгүй гэв

2021 оны 10 сарын 06

ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах Аи-92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, нөөц хангалтгүй болж багасах болсонтой холбоотойгоор аравдугаар сарын 6-наас буюу өнөөдрөөс ачилтыг  тодорхой тооны  ШТС-уудад нийлүүлнэ гэсэн агуулгатай,  “Сод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвренчин гэсэн гарын үсэгтэй мэдээлэл өчигдөр /2021.10.05/ сошиалаар олон нийтэд хүрсэн.

 

Үүнтэй холбоотойгоор шатахууны хомсдол дахин үүсэх нь гэж үзсэн иргэд ШТС-уудад дараалал үүсгэсэн. Тэгвэл  цахим орчинд тархаад буй компанийн удирдлагын гарын үсэгтэй мэдээлэл үнэн эсэхийг “Сод Монгол” ХХК-иас  тодруулахад:

“Манай “Sod Mongol Group” гэсэн пэйж хуудас байгаа. Тэр албан ёсны пэйж хуудаст манай компаниас гаргасан мэдээлэл үнэн. Одоогоор манай ШТС-уудад хомсдол үүсээгүй байгаа. Тэгэхээр хэвийн олгож байгаа гэсэн үг” гэлээ.

Тус компанийн зүгээс “2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна.

Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн компанийн төлөөллөөс татан авалтын нөхцөл байдлыг тодруулав.

-Импортлогч компаниудын төлөөллүүд ОХУ-д очиж, “Роснефть”-тэй уулзалт хийгээд ирснээс хойш танай компани хэчнээн тонн Аи-92 автобензин татан авсан бэ?

Татан авалтууд эхнээсээ бууж эхэлж байгаа болохоор яг нарийн тоо нь тодорхойгүй байна.

-Танай компани яг өнөөдрийн байдлаар шатахуун хүлээн авах уу?

 Бууна, бууна. Эхнээсээ бууж эхэлж байгаа.

“Сод Монгол” ХХК-ийн зүгээс ийм мэдээллийг өгч байна.


Харин УУХҮЯ-наас шатахууны нөөц, хангамжийн асуудлаар дараах мэдээллийг өгч байгаа юм. “БНХАУ-аас 2021 есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн.

Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ.

Харин БНХАУ-аас энэ сард 12700 тн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-ны өдөр орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5000 тн-ыг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж байна.   

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, хоногт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.

Мөн ОХУ-аас аравдугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тн, аравдугаар сарын 3-ны өдөр 5 вагон 302 тн, аравдугаар сарын 4-ний өдөр 368 тонн, аравдугаар сарын 5-ны өдөр 542 тн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийг импортлогч компанийн агуулахуудад нийлүүлж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна” гэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top