ЕХ батлан хамгаалах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Европын Холбоо батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын гаднын хүчнээс хараат байдлыг бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргана гэж Словенид болсон Европын Холбооны албан бус дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан мэдэгдэлд онцолжээ.

ЕХ-ны гишүүн орнууд эдийн засгийн нөөц, боломж, нэгдсэн зах зээл, экологи, эрчим хүч, тоон орон зай, аж үйлдвэрийн бодлого болон ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын нэгдсэн стандартад тулгуурлан олон улсын тавцанд бие даасан байр сууриа бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Афганистаны хямрал хурцдаж буй энэ үед ЕХ-ны стратегийн хараат бус байдалтай холбоотой асуудал, тэр дундаа шуурхай хариу үйлдэл үзүүлэх хүчийг бий болгох асуудал тавигджээ. Ийм хүчнийг байгуулах тухай шийдвэрийг 2022 оны гуравдугаар сард “ЕХ-ны стратегийн луужин”-г батлах үеэр гаргахаар болжээ. Үүнтэй зэрэгцэн 2022 оны зургаадугаар сард НАТО-гийн ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ, НАТО хамтарсан тунхаглал боловсруулахаар тохирсон байна.

Австрали, АНУ, Их Британийн байгуулсан “AUKUS” хэлэлцээртэй холбогдуулан Европын удирдагчид Европын орнуудын эв санааны нэгдлийг бэхжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь ЕХ-ны хараат бус байдлыг бэхжүүлэх асуудал дээр онцгой анхаарал хандуулсан байна.

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ЕХ, НАТО-ийн хамтын ажиллагаа нь Европын хамтын нийгэмлэгийн тулгын чулуу юм гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top