АМГТГ, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл өнөөдөр /2021.10.06/ шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.
Шатахууны импорт, хангамж хэвийн түвшинд хүрч, есдүгээр сард үүссэн АИ-92 автобензиний нөөцийн бууралтыг нөхөж, улмаар нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд шатахууны тасалдал, хомсдол үүсэх нөхцөл байдалд хүрээгүй гэсэн мэдээллийг өглөө.
Мэдээллийн үеэр “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран хэлэхдээ “Шатахуун импортлогч компаниудын нөөц хэвийн хэмжээнд байгаа. Тасалдах хэмжээнд хүртлээ багассан зүйл байхгүй. “Шунхлай” компанийн хувьд өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 31 станцаар АИ-92 шатахууныг хэвийн борлуулж байсан. Өчигдөр 16.00 цагаас хойш ШТС-ууд дээр ачаалал нэмэгдэж, урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотойгоор ШТС-уудын үлдэгдэл багассан.
Оройны 20:00 цаг гэхэд дөрвөн станц шатахуунгүй болсон байсан. Иргэд шөнөдөө оочерлоод, ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. “Шунхлай” компани агуулахаасаа ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй байна. 28 ШТС хэвийн ажиллаж байгаа. Агуулахын нөөц хэвийн байгаа. Зургаан хоногийн нөөцтэй. Ачилт, зохицуулалт дээр л хүндрэл гарч байна. ШТС-ын сав бол хэмжээтэй. Дараалал үүсэхээр ШТС-ын үлдэгдэл дуусаж байна. Ачилтыг зохион байгуулаад явж байна. Шатахууны хомсдол үүсэхгүй байгаа.
Хангамжийн хувьд БНХАУ-аас “Чайна Ойл”-оос өдөр бүр шатахуун хүлээж авч байгаа. ОХУ-ын Роснефть компаниас ачилт жигдрээд явж байна. 5-ны өдөр эхний бараа орж ирсэн. 10-наас хэвийн түвшиндээ очно гэсэн мэдээлэлтэй байна.
АИ-92 автобензиний үнийг нэмэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа. Тодорхой хэмжээний алдагдал бий. Төр, хувийн хэвшлийн хамтарсан үнийн зөвлөлөөр үнийн асуудлыг хэлэлцдэг. Энэ хурал удахгүй болох байх. Үнэ нэмэх талаар одоогоор ямар нэг шийдвэр гарсан зүйл байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )