ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 10 сарын 07

Өнөөдөр 2021.10.07. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 07 цаг 00 минутад мандлаа, 18 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Лаост Багш нарын өдөр.

Энэ өдөр Их Британийн уран гулгагч, олимпын аварга Жейн Торвилл, Америкийн жүжигчин Дилан Бейкер, дуучин Тони Брэкстон, Японы дуучин, жүжигчин Тома Икүта, Америкийн уран гулгагч, тивийн аварга Жан-Люк Бейкер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937: Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан байна.

1967: Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагджээ.

2015: Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1966: ЗСБНХУ-аас бүх хятад оюутныг гаргажээ.

1971: Нью-Йоркт гол дүрд нь Жин Хэкмен тоглосон “The French Connection” киноны нээлт болов. Уг кино дөрвөн Оскар хүртсэн юм.

1977: ЗСБНХУ-д Брежневийн үндсэн хуулийг батлав.

1988: Ригад 1940 оноос хойш анх удаагаа Латвийн төрийн далбааг өлгөжээ.

1999: Их Британийн эрдэмтэд нарны аймгийн хамгийн хол, хамгийн том 10 дахь гараг оршин байж болох талаар мэдэгдэв.

2001: АНУ Афганистанд цэргийн ажиллагаагаа эхэлжээ.

2004: Камбожийн хаан Нородом Сианук эрүүл мэндийн улмаас хаан ширээнээсээ буужээ. Долоо хоногийн дараа түүний бага хүү хаан ширээнд залрав.

Өнөөдөр үс засуулвал нас ахар болно.

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, хэрээ гуаглавал эд агуурс олдох сайн.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top