Эдийн засгийг сэргээхэд Засгийн газартай үе шаттай хамтран ажиллана гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.10.07/ Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт панелистаар оролцсон байна.  “Эдийн засгийн сэргэлт” сэдэвт тус хэлэлцүүлэгт Монголбанк, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын удирдлагуудаас гадна Монголын хөрөнгийн бирж, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлага, төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлжээ.

Цахим хэлэлцүүлэгт Монголбанкнаас цар тахлын дотоодын эдийн засагт үзүүлж буй нөлөө, цар тахлын хүндрэлийн дараах эдийн засгийн сэргэлтийн төлөв байдлын талаар танилцуулжээ.

Тухайлбал уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, тус салбар дахь сэргэлтийн нөлөөгөөр эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6.3 хувь өсөөд байна. Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ гэж тооцож байгааг онцлон дурджээ.  Мөн эдийн засгийг сэргээхэд Засгийн газартай үе шаттай хамтран, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа талаар хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөллүүд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн гэж Төв банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top