“Нэг жолоочоос халдвар илэрсэн тохиолдолд багаар нь суурьшлын бүсээс гаргаж байгаа”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Нүүрсний экспортын жолооч, тээвэрлэгч болон бусад ажиллагсдыг ковидын эсрэг вакцинд нэн даруй хамруулах, халдваргүй ногоон бүс чиглэлээр Засгийн газраас хийсэн ажлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өгч байна.

“Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хүрээнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас коронавирусний эсрэг дархлаа тогтоох вакциныг татан авах ажлыг зохион байгуулж байна. Уул уурхайн экспортын тээврийн жолооч нарыг 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд Цагаан хад суурьшлын бүсийн иргэд, экспортын тээврийн жолооч нийлсэн 18.600 орчим иргэнийг ковидын  эсрэг дархлаажуулалтын вакцины 1, 2 дугаар тунд хамруулсан. Мөн нүүрс тээврийн жолооч нарыг вакцины нэмэлт 3 дугаар тунд хамруулах ажил эхэлсэн. Цагаан хад суурьшлын бүсийг ногоон бүс байлгах зорилгоор Гашуунсухайт боомтын төрийн гурван байгууллагын 99 албан хаагч 23 цэгт пост байгуулан Зэвсэгт хүчний 50 цэрэгтэй хамтран 24 цагаар ээлжээр эргүүлээр ажиллаж байна.

Мөн нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод хийсэн шинжилгээгээр ковидын халдвар илэрч тээвэрлэлт зогсох эрсдэл үүсэж байгаа тул жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “Битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байна. Хэрэв битүүмжилсэн багийн нэг жолоочоос халдвар илэрсэн тохиолдолд тухайн багийн жолооч нарыг бүгдийг нь Цагаанхад суурьшлын бүсээс гаргах арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top