Итали руу 1.9 сая ам.долларын ноолуур, арьс шир экспортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Этторэ Росато тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Бүгд Найрамдах Итали Улсын талаас Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Этторэ Росато, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Марко Ди Маёо, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон 50 компанийн 80 гаруй төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж “Монгол-Итали худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 51 жил болж байна гээд өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа ноолууран бүтээгдэхүүний экспортод илүү хамтарч ажилласан бөгөөд цаашид бусад салбарт ч экспортыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцлов. Түүнчлэн УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.

БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Этторэ Росато Итали, Монголын худалдааны харилцааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгааг тодотгоод тус улсын аж ахуйн нэгжүүд боломжит бүх салбарт манай улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ. Мөн улс төрийн хүрээнд хийж буй энэхүү айлчлал нь аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбох, хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

“2020 онд БНИУ-аас Монгол Улс руу 40.7 сая ам.долларын хүнс, хувцас, барилгын материал, эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон бол Монголоос Итали руу 1.9 сая ам.долларын самнасан ноолуур, хагас боловсруулсан арьс шир, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ. Итали Улс бол манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааны гол түнш, ноолуурын экспортын Европ дахь томоохон зах зээлийн нэг” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын нээлтийн үеэр хэллээ. Мөн тэрбээр дэлхий нийтийг хамарсан цар тахлыг үл харгалзан манай улсыг зорин айлчлал хийж байгаа БНИУ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд өнөөдрийн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Коронавируст халдвар /КОВИД-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа цаг үед зохион байгуулагдаж байгааг тодотгов.

БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тус улсын Элчин сайдын яам нь МҮХАҮТ-ын гишүүн төдийгүй Монголын талаас Италийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад Элчин сайдын яамны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол-Италийн хамтын ажиллагаа ноолуурын салбарт”, ХХБ-ны Гадаад эх үүсвэрийн удирдлага, хяналтын хэлтсийн захирал О.Энхчимэг “Монгол болон Итали улсын хооронд хийгдэж буй экспорт, импортыг санхүүжүүлэх нь”, “Eternal Peace Sea” ХХК-ийн захирал Н.Лхамсүрэн “LORIBLU франчайзинг нэвтрүүлсэн туршлага”, “Лора Пиана” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Буяндэлгэр, “Монитал кашмир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянаа нар “Самнасан ноолуурын экспорт” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.

Үүний дараа Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлох, хамтран хэрэгжүүлэх төсөл болон хөрөнгө оруулалтын талаар санал солилцов. Цаашид хүнс, арьс шир, ноос ноолуур, барилга, эрчим хүч, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг уулзалтад оролцогчид хэлж, саналаа илэрхийллээ гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top