ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Өнөөдөр 2021.10.14. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандлаа, 18 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр. Беларуст өнөөдөр Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баяр юм.

Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын “Nazareth” рок хамтлагийн дуучин Дэн МакКаферти, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Тажикийн Автономит Бүгд найрамдах улс болон Киргизийн автономит муж байгуулагджээ.

1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.

1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.

1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.

1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.

2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмирт улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Өнөөдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Эл өдөр хулгай дээрмийг дарах тэргүүтэнд тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Харин хувцас хийх, гэр орон барих, сан дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох сайн.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top