Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани төслийн үйлдвэрлэлийн 2021 оны гуравдугаар улирлын байдлаарх тайлангаа танилцууллаа.
Далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц 2021 оны эхний гурван улирлын туршид ковидын сөрөг нөлөөнд байсан ч, наймдугаар сараас техникийн чиглэлийн буюу гүний уурхайгаас олборлосон хүдрийг туузан дамжуулагчаар Баяжуулах үйлдвэр рүү хүргэх ажилд ахиц дэвшлүүд гарсныг тайланд онцолсон байна.
Гэхдээ далд уурхайн 3,4 дүгээр босоо амны ажилд цар тахлаас үүдсэн хязгаарлалт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тиймээс 3, 4 дүгээр босоо амны бэлэн болох хугацааг есөн сараар хойшлуулж тооцож байгаа аж. Улмаар далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацааг техникийн бус буюу бусад шалтгаануудын улмаас дор хаяж 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг бичсэн байна.
Тодотгоход, “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн олборлолт 2023 оны эхний хагаст багтаж эхэлнэ гэсэн мэдээллийг 2020 оны есдүгээр сард өгч байсан. Мөн энэ хугацаанаас ч хойшлох магадлалтайг мэдэгдэж байсан. Гэхдээ үүнийхээ дараа 2022 оны аравдугаар сард далд уурхайн үйл ажиллагаа хойшлох нөхцөл үүссэн гэж мэдэгдэж байв.
Тэгэхээр “Туркойз Хилл Ресурс”-ийн тайланд дурдаад буй 2023 оны нэгдүгээр сард далд уурхайн үйл ажиллагаа эхлэх боломжтой гэсэн мэдээлэл өмнө нь яригдаж байсан цаг хугацааны хувилбаруудын л нэг юм.
“Туркойз Хилл Ресурс”-ээс гаргасан тайланд, 2021 оны гуравдугаар улиралд ил уурхайгаас олборлосон зэс, алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс өндөр байсныг мэдээллийн эхэнд дурджээ. Тодруулбал, зэсийн үйлдвэрлэл 41.935 тонн болж, 2020 оны гуравдугаар улирлаас 16%-иар, 2021 оны хоёрдугаар улирлаас 14%-иар өсчээ.
Харин алтны олборлолт 130.799 унц болж, өмнөх оны гуравдугаар улирлаас 256% -иар, энэ оны хоёрдугаар улирлаас 16% -иар өссөн байна. Энэ онд нийт дүнгээр 150,000 - 180,000 тонн зэс, 400,000 -аас 480,000 унц алт олборлоно гэсэн өмнөх тооцооллоо хэвээр үлдээсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
13 Тн алтаа өгөх юм бнадаа хөөрхий
Ali hediin uhaad ehlsen
РИО ТИНТО САНААТАЙГААР ХОЙШЛУУЛЖ БНА. ЗАЙЛУУЛ