Инфляц улсын хэмжээнд 9.6 хувьд хүрлээ

2021 оны 10 сарын 15

 

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2021.10.15/ танилцуулсан мэдээллээр инфляц буюу үнийн өсөлт энэ оны есдүгээр сард  улсын хэмжээнд  өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх оны эцсээс 9.2 хувь, өмнөх сараас 0.3 хувийн өсөлттэй гарчээ.

 

Инфляцын  өсөлт  9.6 хувь гарахад:

 

  • Хүнсний бүлгийн барааны үнэ 15.8 хувь

 

  • Тээврийн бүлгийн үнэ 17.3 хувь

 

  • Орон сууцны бүлгийн үнэ 7.1 хувь

 

  • Эм тарианы бүлгийн үнэ 6.7 хувь өссөн нь голлон нөлөөлсөн гэж статистикчид тайлбарлалаа.

 

Инфляцад импортын барааны үнэ 46.9 хувиар нөлөөлжээ. Улаанбаатар хотын инфляц өмнөх оноос  9.9 хувь, өмнөх оны эцсээс 10.4 хувь,  өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.

Сануулахад, Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан ирэх оны Мөнгөний бодлогод  инфляцыг 6 хувийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тусгаад буй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг  эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top