ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Өнөөдөр 2021.10.19. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 07 цаг 17 минутад мандлаа, 17 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албанид Тереза эхийн өдөр.

Энэ өдөр Английн зохиолч Жон Ле Карре, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Жон Литгоу, “Эмми”, “Грэмми”-гийн шагналт Трей Паркер, Мексикийн жүжигчин, дуучин Вероника Кастро, Шведийн жүжигчин Ребекка Фергюсон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2000.10.19: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юанийн хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгджээ. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944: Марлон Брандо Бродвейн тайзан дээр дебют хийжээ.

1957: ХБНГУ-ын Засгийн газар Югославтай дипломат харилцаагаа таслав.

2000: Нью-Йоркт алдарт Мадам Тюссо музейн салбар нээгджээ.

2002: Ирландын оршин суугчид бүх нийтийн санал асуулгад Европын Холбоонд нэгдэхийн төлөө санал өгөв.

Мөн энэ өдөр Туркменистанд Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын ард түмнийхээ оюуны өвийг судалж бичсэн “Рухнама” номын ойг тэмдэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна.

Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал элчтэй учрах сайн.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top