ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Өнөөдөр 2021.10.20. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 07 цаг 19 минутад мандлаа, 17 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн статистикийн өдөр. Чехид өнөөдөр Мод тарих өдөр бол Кенид Баатруудын, Гуатемалад Хувьсгалын, Вьетнамд Эмэгтэйчүүдийн өдөр.

Энэ өдөр Австрийн зохиолч, Нобелийн шагналт Эльфрида Елинек, Италийн дуучин Анжела Брамбати, Америкийн рэппер Snoop Dogg, Австралийн дуучин Данни Миноуг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945.10.20: БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагджээ. Санал хураалтад 483291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.

1968.10.20: Монголын тамирчид анх удаа олимпоос медаль хүртжээ. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болсон юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958: Тайландад төрийн эргэлт болов.

1963: Францад газар доор цөмийн туршилт болжээ.

1965: Индонезид коммунистуудыг хоморголон баривчлав.

1992: «Як-112» онгоцны анхны нислэг болжээ.

1993: Лондоны амьтны хүрээлэнд Жеймс Бонд, Индиана Жонсын тухай кинонд гарч од болсон Белинда аалз үхжээ.

Мөн энэ өдөр Нидерландын Засгийн газар марихуан, гашишийг гадны жуулчдад худалдаалахыг хориглох шийдвэр гаргажээ. Нидерландын иргэдэд уг журам үйлчлэхгүй.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Эл өдөр дайсныг номхруулах, муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр. Мөн сүм, суварга барих, чуулан үймэхэд сайн. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн чих хангинавал идээ ундаа олдох сайн.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top