ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Өнөөдөр 2021.10.27. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 07 цаг 29 минутад мандлаа, 17 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.       

Өнөөдөр Грект Төрийн далбааны өдөр бол АНУ-д Тэнгисийн цэргийн өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин, Эммигийн шагналт Жон Клиз, Канадын кино найруулагч Айван Райтман, Италийн жүжигчин, Оскарын шагналт Роберто Бениньи, Их Британийн хийлч, хөгжмийн зохиолч Ванесса Мэй зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959.10.27: БНМАУ-ын талаас Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулжээ. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьжээ.

1961.10.27: БНМАУ Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1981.10.27: БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.

1996.10.27: Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939: Литвийн арми Вильнод орж иржээ.

1943: Эрдэнэсийн арлын төлөөх тулаан эхэлсэн байна.

1944: Украины Ужгород хотыг Германы болон Унгарын цэргүүдээс чөлөөлжээ.

1982: БНХАУ-ын хүн ам тэрбум давсан талаар мэдээлэв.

Өнөөдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, ламд золгох зэрэг үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох сайн.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top