Буриадад “Байгаль - Хөвсгөл” жуулчлалын маршрут гаргажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Буриадад цар тахлын улмаас ихэд доройтоод байгаа аялал жуулчлалын салбараа аврах шинэ төсөл, төлөвлөгөө олныг гаргаж байна.

Үүний нэг нь “Байгаль - Хөвсгөл, Эрүүл мэндийн зам” маршрут бөгөөд Засгийн газраас нь баталж, төсөв гаргаад өгчихсөн байгаа.

Энэ төсөл нь ОХУ-ын Эрхүү муж, Буриадаас гадна Монгол улсыг оруулсан онцлогтой.
 


Аялал Байгаль нуураас эхэлж, Хөвсгөлд буюу Монголд өндөрлөнө. ОХУ-ын стратеги санаачилгын агентлаг энэ төслийг дэмжин ажиллах юм.

Тус агентлагийн дэд захирал Ольга Захарова “Жуулчдыг адал явдлаас гадна хоёр агуу нуур төдийгүй Орос, Буриад, Монгол гэсэн гурван соёл, ахуйтай танилцах аялал хүлээж байна. Зүүн Соёны нуруугаар аялахдаа нутгийн иргэдийн гэрт зочилж, үндэсний хоол зооглоно. Баруун Хандгайт уулын хормойд орших “Чингисийн ширээ”-г үзэж сонирхоно. Маршрутын нийт зам 1075 км. Маршрут Түнхийн хөндий үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дайрч гарна. Яагаад маршрутаа Эрүүл мэндийн зам гэж нэрлэсэн учир энэ хөндийд тайлагдана. Эрүүл мэндэд тустай маш олон рашаан бий. Энэ маршрутын дагуу олон жуулчны бааз, хоолны газар байгуулагдана. Ойрын хэдэн жилд жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Манай маршрутаар ганц Монголоос гэхэд л жилд 150 мянган жуулчин ирнэ гэсэн тооцоо гаргасан. Буддын сүм, үзэсгэлэнт байгаль, амттай хоол, явган болон морин аялал, нохойтой чарга гээд маш олон хөтөлбөр оруулсан байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top