НАТО Украин руу цэрэг илгээхгүй гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Тэрбээр "Украин нь НАТО-гийн дотнын үнэтэй түнш. НАТО нь Украинд батлан хамгаалах бүтцээ шинэчлэхэд нь тусалж байна. АНУ, Их Британи, Канад эрэг НАТО-гийн зарим гишүүн орон сургагчид илгээн, батлан хамгаалах зэвсэглэл нийлүүлж байгаа. Украинд өөрийгөө батлан хамгаалахад нь туслах нь чухал. Энэ эрхийг НҮБ-ын дүрэмд тусгасан. Гэхдээ НАТО цэргийн анги нэгтгэлүүдээ Украин руу илгээхгүй" гэж мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Украинд цэргээ илгээх санаа байхгүй гэж мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гарагт Пентагон АНУ 8.5 мянган цэргийн алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн билээ. Шаардлагатай тохиолдолд тэднийг НАТО-гийн хүчний бүрэлдэхүүнд Европ руу шуурхай дайчлах аж.
Украины батлан хамгаалахын сайд Алексей Резников ОХУ Украин руу довтлох магадлал бага гэж хэлсэн үгэнд тайлбар хийхдээ Жен Псаки ОХУ Украин руу довтлох санаатай эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гээд “Хэн ч Путины ухамсарт нэвтэрч чадахгүй” гэж хариулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )