Энэ жил 38 нас хүрч буй Канадын панк поп хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг дуучин Avril Lavigne энэ сарын 25-ны өдөр "Love Sux" хэмээх нэртэй шинэ альбумаа худалдаанд гаргахаар болжээ. Бүтэлгүй хайрын түүхээсээ сэдэвлэн бүтээсэн уг альбумын дуунуудыг дуучин бүсгүй өөрөө зохиожээ.

Тэрээр уг альбумд багтсан "Bite Me" дууны клипээ цацаад байгаа бөгөөд яг л 2002 онд анх гарч ирж байсан Avril Lavigne-ийг санагдуулам өнгө төрх хэвээр хадгалагдан үлджээ.

Энэ тухайгаа тэрээр "Би дуртай зүйлээ олсон, түүнийгээ дагаж мөрддөг байгаа. Би өөрийнхөө дүр төрхийг өөрчилдөг хүн биш. Хүмүүс нэг цомог гаргаад, дараагийн удаад дүр төрхөө бүхэлд нь өөрчилсөн байдаг. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ та яг уран бүтээлчийн хувьд хэн юм бэ? гэж бодогддог" хэмээсэн бөгөөд шинэ альбумынхаа талаар "Би амьдралдаа анх удаагаа хайрлахаас залхсан. Тийм болохоор салах замыг сонгосон. Дууны үгээ хөгжилтэй, хөнгөн байхаар бодож бичсэн" хэмээжээ.
"Мөнхийн ус уусан" гэх үгэнд хамгийн сайн тохирдог тэрээр тун удахгүй аялан тоглолтоо хийхээр зэхэж байгаа ажээ.







Сэтгэгдэл ( 0 )