Донбасс дахь ажиллагааны ХОЁР ДАХЬ өдөр: Шуурхай мэдээлэл

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарласан бүс нутаг болох Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаар Донбасс дахь Оросын цэргийн ажиллагаа хоёр дахь өдрөө (2022.02.25) үргэлжилж байна. 

Unian агентлагийн мэдээлснээр, баасан гарагийн өглөө орон нутгийн цагаар 04.22 (Улаанбаатарын цагаар 10:22) цагт Киевийн дүүргүүдэд дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдож байв. Нийт зургаан удаагийн дэлбэрэлтийн дуу гарчээ.

Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт (2022.02.24) Оросын ард түмэнд хандан "Донбассын бүгд найрамдах ард улсууд Орос улсад хандан, тусламж хүслээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 7-р хэсэг, 51-р заалтын дагуу, Холбооны хурлын дэмжиж, ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан гэрээний дагуу цэргийн тусгай ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргалаа.

Орос улсад Украиныг эзлэх төлөвлөгөө байхгүй. Гэсэн хэдий ч Орос улс Украиныг зэвсэггүй улс болгохыг эрмэлзэж байна" гэж мэдэгдсэн билээ.

Үйл явдал хэрхэн өрнөж байгааг шуурхай мэдээгээр хүргэж байна.

Жич: Мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, нэмэгдэж байгаа болно. 
 

ШИНЭ МЭДЭЭ

 

  • Өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Луганск, Донецкийн бүгд найрамдах ард улсын гадаад хэргийн яамны тэргүүн нартай уулзаж, дипломат төлөөлөгчийн газруудаа харилцан нээх, цэргийн тусгай ажиллагааны явцын талаар ярилцана гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.
  • Микронез улс ОХУ-тай дипломат харилцаагаа тасалсан тухай өнөөдөр мэдэгджээ.
  • Украины Зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагт Донецкийн зүг 139 удаа гал нээж, 1.7 мянган сумаар бууджээ. Галд Донецкийн 34 суурин газар өртсөн байна. Үүний улмаас 12 энгийн иргэн шархдаж, хоёр хүн амиа алджээ. Нийт 53 орон сууцны барилга, иргэний дэд бүтцийн 23 объект, хоёр тээврийн хэрэгсэл сүйдсэн байна.
  • Өнгөрсөн 24 цагийн дотор Украинаас нийт 30 мянга орчим хүн Польшийн хилээр нэвтэрчээ.
  • Оросын Зэвсэгт хүчин Украины 118 цэргийн объектыг жагсаалаас гаргав.Украины тэнгисийн явган цэргүүд Донецкийн талд хандан, хүмүүнлэгийн коридор гаргаж өгөхийг хүсжээ. Хар тэнгисийн Змеиный арал дээр байрлаж буй гарнизоны 82 хүний бие бүрэлдэхүүн сайн дураар бууж өглөө гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Түүнчлэн, Украины Зэвсэгт хүчний 53-р механикжсан бригадын 11 алба хаагч мөн бууж өгчээ. Зэвсгээ хураалгасны дараа тэд гэртээ харих боломжтой аж.
     

 

ӨМНӨХ МЭДЭЭНҮҮД
 

  • Украин улс төвийг сахих статусын талаар Орос улстай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлсэн талаар Риа Новости онцолжээ. Гэхдээ Киев аюулгүй байдлын баталгаа шаардаж байна.
  • Европын нэг ч улс АНУ-ын нэгэн адил Оростой зэвсэгт мөргөлдөөнд шууд орохыг хүсэхгүй байна. Учир нь ОХУ бол цөмийн зэвсэгтэй гүрэн гэж Францын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли мэдэгджээ. Түүний хэлснээр, Европын зорилго бол гал зогсоох. Орос ч тэр, НАТО ч тэр цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэг бол тогтоон барих зэвсэг болохоос хэрэглэх ёсгүй гэж Парли онцолжээ.
  • Донецкийн Горловка хотын сургууль Украины Зэвсэгт хүчний галд өртсөний улмаас хоёр багш амиа алджээ.
  • Донецкийн цэргүүд амиа алдаж, шархадсан тухай Донецкийн тэргүүн Д.Пушилин мэдэгдэв. Украины шархадсан цэргүүдэд мөн эмнэлгийн тусламж үзүүлж  байгаа бөгөөд цэргийн ажиллагааны дараа тэд гэртээ харих боломжтой гэж Пушилин онцолжээ. Түүний хэлснээр, Донецкт нөхцөл байдал өөрчлөгдөж, Украины энгийн цэргүүд буугаа хаяж байна. Харин хэт үндсэрхэг үзэлтнүүд ширүүн тулалдаж байна гэж тэрбээр ярьжээ.
  • Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн Павел Солох НАТО болон Польш улс Украин руу цэрэг илгээх асуудлыг одоогоор авч хэлэлцээгүй гэж мэдэгдэв.Крымийн хойг руу Днепр мөрнөөс ус татахаар бэлдэж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, Оросын цэргүүд Херсонд орсноор Умард Крымийн хоолойг чөлөөлж, Крымийн хойгийн усан хангамжийг сэргээх боломж бүрдэв.
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Өнөөдөр би Европын 27 удирдагчаас Украин НАТО-д байх уу гэж асуусан. Бүгд хариулахаас эмээж байна. Бид юунаас ч айхгүй байна. Бид Оросоос айхгүй байна. Оростой ярилцахаас айхгүй байна. Бид аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан статусын талаар ярихаас айхгүй байна. Бид НАТО-д элсээгүй. Гэвч бидэнд ямар баталгаа байгаа вэ? Хамгийн гол нь ямар улсууд бидэнд баталгаа өгөх юм” гэж мэдэгдэв.Тэрбээр Украинд үгээр бус, үйлдлээр тусламж үзүүлж байгаа улс бүрт талархал илэрхийлсэн байна.Тэрбээр “Эх орноо хамгаалахдаа ганцаардаж байна. Бидэнтэй хамт тулалдахад бэлэн хэн байна? Үнэндээ хэн ч харагдахгүй байна. Бүгд Украинд НАТО-д элсэх баталгаа өгөхөөс айж байна. Манай улсын хувь заяа шийдэгдэж байгаа энэ үед түнш орнууд бидэнтэй хамт байгаа гэж мэдэгдэж байгаа ч НАТО-д элсүүлэхэд бэлэн биш байна” гэжээ.
     
  • Олон улсын эрүүгийн хэргийн шүүх Украинд болж буй үйл явдлыг ажиглан, тус улсын нутаг дэвсгэрт гарсан хоморголон устгах хэргийн шалгалтыг эхэлж магадгүй гэж прокурор Карим Хан мэдэгджээ.
     
  • Турк улс Босфор, Дарданеллын хоолойгоор цэргийн хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглож магадгүй байна. Гэсэн хэдий ч Оросын хөлөг онгоцнууд бааздаа буцахдаа эдгээр хоолойг ашиглах эрхтэй гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдээлжээ.
     
  • Украины Үндэсний банк мөнгөн гүйлгээг Орос, Беларусийн рублиэр хийхийг хориглов.
     
  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд 1.2 тэрбум еврогийн макро санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Франц улс нэмж 300 сая еврогийн эдийн засгийн тусламж болон цэргийн техникийн нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ гэж Францын тэргүүн мэдэгджээ.
     
  • “Facebook” олон нийтийн сүлжээ украинчуудад зориулж нэмэлт үйлчилгээ нээжээ. Үүний тусламжтай украинчуудын оруулж буй пост, гэрэл зураг найз бус хүмүүст харагдахгүй аж.
     
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ тэргүүтэй 30 гаруй улс Орост цохилт өгөх хориг арга хэмжээг зөвшилцөөд байна гэж мэдэгдэв. Хэдийгээр ЕХ Оросыг олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системээс гаргах боломжийг судалж байгаа ч Герман, Итали, Унгар, Кипр зэрэг улсууд эсрэг байр суурьтай байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(64.119.16.98) 2022 оны 02 сарын 26

Нэгэн цагт нэг улс болон Германы фашизмын эсрэг мөр зэрэгцэн байлдан энх тайвныг тогт ялж байсан улс одоо хоорондоо эв зүйгээр учраа ололцож чадахгүй хоорондоо байлдаж байна. Нэг нь хүчээр илүүрхэж нэг их ялсан газар нутагыг нь эзэлсэн улс нөгөө нь ялагдсанаа ойлгосон улс одоо тэгээд яана гэж буу зэвсэгээ хаячихсан жирийн иргэдийг нь яах ёстой юм бол фашист германчууд бол нийтээр нь хоморголон устгах ажиллагаа явуулж байсан одоо арай тэгэхгүй байлгүй дайнаа зогсоож энхтайванчаар хоёр тал хэлэлцэх хэрэгтэй байх түр зуурын бус мөнхийн хөрш улсууд дайн хийж ийм харгис харьцаж болохгүй байхаа...

0  |  0
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

neeh dainsaad baihch yum baihgui zugeerel surguulialt l bainashd

0  |  0
Энх(202.126.89.3) 2022 оны 02 сарын 27

Дура Путин чамд найз байна уу??? \nЧи эргэн тойрны жижиг улсыг дарангуйлж харьцана арай томхон улстай өширхөж харьцана. Чиний хувь бүх улс дарангуйлал эсвэл өширхөл гэж хуваагдана. Путин чиний дараа Орос хэд хуваагдах вэ. Чамд найз гэж байна уу???

1  |  0
Jfj(150.129.143.90) 2022 оны 02 сарын 27

Umhii orsiin salbadai l orsiin tald tarhi ugaaj

4  |  3
иргэн(202.9.46.221) 2022 оны 02 сарын 27

Барууныхныг хэт шүтэн, даган далдганаж, үзэл бодол зөрүүтэй, хөгжлийн чиг хандлага өөр ч гэсэн хөрш улсдаа дайсагнаад байвал юунд хүргэж болдогыг Украйны өнөөгийн байдал нотлон харууллаа. .. манайд иймэрхүү далдганасан, алиа салбадайнууд цөөнгүй бий шүү .Төрийн тэргүүнд хэнийг гаргаж болох болохгүйг Бодох л асуудал...

5  |  3
Top