Нийслэл хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн алслагдсан дүүрэгт байрлах жишиг, эко сургуулийг сурвалжилахаар Тахилтын амыг зорилоо. Ингэж яваа учир гэвэл тус сургууль 2019 оноос хойш газрын гүнийн халаалтаар сургуулиа халааж, халаалтын сарын зардлаа 2.7 дахин бууруулсан гэх сайн жишиг тогтоож, эко сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
Тахилтын аманд байрлах ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь хичээлийн хоёр байртай бөгөөд 640 хүүхдийн хүчин чадалтай үндсэн барилга нь 2019 оноос эхлэн ногоон халаалтын систем буюу газрын гүний насосоор халдаг болжээ.
122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн биднийг тосон авч, сургуультайгаа танилцуулсан юм. Сургуулийн үүдээр орох төдийд л халуун дулаан мэдрэмж төрнө. Үүд өөд эгц харан байрласан өргөн шатан дээр сурагчид чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой гэнэ. Сурагчдадаа тав тухтай байлгах үүднээс хивс дэвссэн байх бөгөөд хүүхдүүд гутлаа тайлж, углаашаа өмсөөд л тэнд тухлан суух боломжтой болжээ. Гаднаас дөнгөж орох төдийд байх тус шатны хэсэгт суух нь “хүйтэн биш үү” гэх асуултыг сургуулийн захиралд тавихад “Нэгдүгээрт, энд маш дулаахан байдаг. Тиймээс хүүхдүүдийн маань хөл даарахгүй. Харин гутлыг нь тайлуулж, углааш өмсөгдөг нь гутлаар дамжин сургуулийн орчинд нян бактер орж ирж тархахаас сэргийлдэг хэрэг. Сурагчид маань гэрээсээ өмсөж ирсэн гутал, хувцсаа өлгүүүрт өгөөд углаашаа өмсөж орж ирдэг. Углааштайгаа хичээллэнэ гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Энэ нь ч хүүхдүүдэд тухтай амар байдаг нь илт. Олон цаг хичээллэхэд өвлийн зузаан хувцас яаж халууцуулж, чийг татдаг билээ дээ гэх бодлыг тээн цааш явлаа.
Шатаар дээш алхахад шилэн лифт байх бөгөөд үүгээр тус сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагчид зорчдог гэнэ. Энгийн сургалттай сургууль мөртлөө ийнхүү өөрийн харьяалалд хамаардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурах боломжоор хангадаг гэхээр яахын аргагүй бусдад жишиг тогтоож чаджээ гэх бодлыг төрүүлж байв.
Сургуулийн хоёр давхарт гарвал улбар ягаан өнгийн ханатай, шар өнгийн гонзгой шилэн хаалгатай ангиуд байх аж. Хаалга нь онгорхой байх нэгэн ангийн сурагчид “Халуун элгэн нутаг” дууг цээжлэн, чангаар дуулах нь олон хүний анхаарлыг татаад авсан.
Захирал эмэгтэй бидэнд сургуулиа танилцуулсаар “Хүүхэд хөгжлийн инкубатор төв” гэх хаягтай хаалганы үүдэнд авчирлаа. Тус ангийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Швейцарийн хамтын ажиллагаанаас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүүхэд бүрийн мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.
Ангид ороход яг л гэртээ ороод ирэв үү гэмээр мэдрэмж төрөв. Шалаараа дүүрэн хивстэй өрөөнд ороод, ширээний хажууд байх зөөлөн сандал дээр тухлан суухад өөрийн эрхгүй амрах шиг санагдсан юм. Өрөөн дотор байх өндөр саарал хөргөгчний хаалгыг нээж үзвэл олон тооны иогурт, пичень, ус гэх мэт хүнсний зүйлс өрөөтэй байх аж.
Харин хажууханд нь суурин компьютер байна. Тэрний дэргэдэх тавиур дээр модоор урласан оньсон тоглоомнууд дүүрэн өрөөстэй харагдана. Үүгээр ч зогсохгүй цагаан самбар, өрсөн шатар, нэлээд урт ширээ гээд бусад сургуульд харагдаж, үзэгдээгүй өвөрмөц орчин тэнд байв.
Яг ямар өрөөнд орж ирсэн талаараа тодруултал “Хичээлийн хоцрогдолтой, гэр бүлийн тав тухтай орчинг мэдэрч чаддаггүй болон гэртээ хичээлээ хийх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энд хичээлээ хийж, сурч боловсрох нөхцлөөр хангадаг гэнэ. Энд суралцах боломж бүх хүүхдүүдэд нээлттэй” хэмээн сургуулийн нийгмийн ажилтан Г.Энхсайхан тайлбарлаж байлаа.
“Хүүхэд хөгжлийн инкубатор төв”-өөс гараад бид сургуулийн хичээлийн байртай залгаа байх халаалтын нэгдсэн систем байрласан хэсэгт очлоо. Халаалтын систем байх жижигхэн өрөөнд ороход гүний дулааны схем болон том, том насос харагдана. Уг шийдлийг улсын төсвийн санхүүжилтээр (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв) газрын гүний дулааны насосоор сольж, 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Өнөөг хүртэл ямарч доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа гэнэ.
Тус сургуулийн үндсэн барилга 3315 м.кв бөгөөд доторх агаарын температурыг 17-21 хэм байлгахын тулд 174 кВт газрын гүний дулааны насос бүхий халаалтын систем ажиллаж буй ажээ.
Халаалтын систем нь дунджаар 120 метрийн гүнтэй нийт 24 цооног, цахилгаанаар ажилладаг насосоос бүрдэх ба уг системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж багасч, агаар орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ мөн буурсан байна.
Ийнхүү сайн жишгийг тогтоож чадсан, эко сургуультай танилцах аялал маань өндөрлөсөн юм.
Сурвалжилсан Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 2 )
Ih goy surguuli shv
Үнэхээр гоё сургууль