“Петрочайна Дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад хэр ашигтай эсэх асуудлыг ТВ8 телевизийн “Эрэл” сурвалжилгын баг хөндөж, цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэд энэ удаад УИХ-ын гишүүдээс уг гэрээний талаар хэр мэдээлэлтэй байдаг эсэхийг тодруулж, “Петрочайна Дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, улмаар нийтээрээ хэлэлцэх цаг нь болсон гэх асуудлыг хөнджээ. УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Агентлаг болон яам хянаж байгаа Уул уурхайн сайд Г.Ёндон сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулжээ.
-Засгийн газрын төлөөлөгч гэх хоёр хүн “Петрочайна Дачин тамсаг”-ийн хоёр талбай дээр ажилладаг гэж ойлгосон. Зөв үү?
-Ашигт малтмал, газрын тосны газраас уг талбайнуудын ашиглалттай холбоотой асуудлаар хүмүүс ажиллуулдаг.
-Тэр хүмүүс ажил, үүргээ хэр сайн биелүүлж буйг хэн хянах ёстой вэ?
-Агентлаг болон яам хянаж байгаа.
-Тэд ажлаа хийж чадаж байна уу. Эсвэл чадахгүй байна гэж үзэж байна уу?
-Чадаж байгаа.
Д.Цогтбаатар: Засгийн газраар орж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдэх ёстой
-“Петрочайна Дачин тамсаг”-ийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдаж гардаг. Тэнд л мэдээллүүд нь байгаа болов уу. Түүнээс би энэ асуудлаар ёстой мэдэхгүй. Гэрээ нь Засгийн газраар орж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдэх ёстой. Түүнээс хэн нэгэн очоод сайн дураараа мэдэж, нууцаар гэрээ хийсэн бол тэр хүчингүй болно. Энэ гэрээг үзэж танилцаад өөрийн санаа бодлоо хэлье” гэжээ.
Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол нь бид нефтийн үйлдвэртэй болно
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин тамсаг”-ийн үйл ажиллагааны талаар “Мэдээлэл бага байна. Энэ асуудал их олон жил үргэлжилж байгаа. Хамгийн гол нь бид нефтийн үйлдвэртэй болно. Тэгэхээр нефтийн үйлдвэрийнхээ гол түүхий эдийг тэндээс л авна. Эртлэн ярьж гэрээ хийж, гэрээн дээрээ тусгаад нефтийн үйлдвэр бэлэн болоход шууд бүтээгдэхүүнээ авдаг нөхцлийг бий болгох шаардлагыг би хувьдаа тавьж байгаа. Бид бусад улсаас хараат бус байхын тулд нефтийн үйлдвэр барих гэж буй. Тэр үед түүхий эдээ хаанаас авах нь тодорхой, түүхий эд нь бололцоотой бүрэн байх ёстой. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ч ярьсан. Намайг анх Засгийн газарт байхад л энэ асуудлууд орж ирж байсан. Тухайн үед би “Эхлээд үүнийхээ учрыг ол. Энэ гэрээнийхээ шинэчлэлийг хий. Зүгээр л бүтээгдэхүүн хуваана гэдэг гэрээ цагаа тулахаар өөр болж болно. Тийм болохоор эргэж хар” гэх шаардлага тавьж байсан” гэв.
Б.Бат-Эрдэнэ: Бодит байдал Оюу толгойн гэрээтэй адил зүйл болсон байна
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тодорхой мэдээлэл алга. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлын хэсэг томилж газар дээр нь очиж ажиллая гэсэн ч намрын чуулганы үеэр ажиллаж чадаагүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд энэ асуудлыг дахин тавьсан. Ажлын хэсэг очиж ажиллах байх. Миний ойлгож буйгаар 1990-ээд оны эхээр Америкийн компани энэ лицензийг авсан. Тэр үед “Гадаадын гуравдагч орны хөрөнгө оруулалт орлоо. Одоо сайхан юм болно” гэсэн хэдий ч бодит байдал Оюу Толгойн гэрээтэй адил зүйл болсон байна. Гадаадын ашиг харж буй арга байхгүй. Хятадын компанид өгчихөөд явчихсан. Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэнэ гэх том зорилт тавьсан. Үйлдвэр барих ажил Өмнөговь аймагт хийгдэж байгаа. Гэтэл түүхий эдээ хаанаас нийлүүлэх, авах гэдэг нь одоо тулгамдаж буй асуудал” гэжээ.
Ц.Даваасүрэн: Нефтийн бүтээгдэхүүний 24 хувь нь Монголд үлддэг нь дэндүү харамсалтай
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах тодруулгыг өгчээ.
-“Петрочайна Дачин тамсаг”-ийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Миний авсан мэдээллээр бол нефть бүтээгдэхүүний 24 хувь нь л Монголд үлддэг нь дэндүү харамсалтай зүйл. Ийм гэрээ тэр үед хийсэн байсан. Х.Болорчулуун гишүүн үүнийг 50 хувиар 2013 онд өөрчлөх гээд чадаагүй.
-Та энэ гэрээг өөрчлөх ёстой гэж боддог уу?
-Өөрчлөх нь зөв. Баялаг ордуудынхаа багахан хувийг авч үлдэхээр энэ эдийн засгийн хямралын үед улс орны хөгжлийг яаж шийдэх юм. Энэ гэрээг улаан цайм хамгаалдаг хүмүүс байдаг.
Б.Энх-Амгалан: Аудит болон Мэргэжлийн хяналтын дүнг сонсъё
-УИХ, Засгийн газрын гишүүн Б.Энх-Амгалан “Энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг гарчихсан мэдээллээ цуглуулж байна. Өнгөрсөн жил бид яриад төрийн аудитаар орсон. Одоогоор жил гаруй аудит хийж байна. Аудит болон Мэргэжлийн хяналтын дүнг сонсъё. Мөн Гаалийн, татварын гээд бүх талын мэдээллийг авч байгаад ярихгүй бол дандаа дутуу мэдээллүүд яваад байгаа. Ерөнхийдөө тэнд ажиллаж байгаа монголчуудын зүгээс “Зөвшөөрөлгүй химийн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу хэрэглэхгүй ил задгай хаях нөхцөл байдаг. Энэ нь хүнд хортой байж магадгүй” гэдэг ч үүнийг бодитой шалгасан газар байхгүй. Мэргэжлийн хяналт шалгасан байх ёстой Тийм учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг авч байгаад ярих юм бол тодорхой мэдээлэл ирнэ гэж би хувьдаа бодож байна” гэв.
Б.Пүрэвдорж: Монгол, хятад иргэдийн цалингийн зөрүүний асуудлаар очиж уулзалт хийж байсан
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Гадаадын иргэн харьяатын дарга байхад монгол, хятад ажилчдын харилцааны асуудал яригддаг байсан. Түүнчлэн монгол, хятад иргэдийн цалингийн зөрүүний асуудлаар би очиж уулзалт хийж. уг асуудалд тодорхой шийдвэр гаргаж, дорвитой арга хэмжээ аваад явсан. Бусдаар бол надад тодорхой мэдээлэл байхгүй байна” гэжээ.
Ё.Баатарбилэг: Хяналт тааруу гэж ойлгож байгаа
-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад олон жил Дорнодын бүс нутагт нефть олборлож байгаа. Миний ойлгож буйгаар хяналт тааруу, хэвлэлийнхэн очиход оруулдаггүй хамгаалалт чанга гэж яригддаг” гэсэн байна.
Д.Тогтохсүрэн: Петрочайнагийн асуудлыг бүлэг дээрээ ярина
-УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид мэдээллийг үзэж байгаа. Уул уурхайн томоохон компаниудын тайлан мэдээллийг бүлгийн хурлаар хэлэлцэж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Эрдэнэс-Тавантолгой, Эрдэнэс-Монгол, Эрдэнэт, Оюутолгой гээд олон компанийн Төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын тайлан мэдээлэлтэй танилцсан. Петрочайнагийн асуудлыг бүлэг дээрээ ярина” гэжээ.
Б.НАРАНГОО
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
жилдээ 200 тэрбум төгрөгний татвар улсын төсөвт оруулдаг компани. Tөлсөн татварыг нь буруу зарцуулаад байдаг 76 ухнаа л сайн сэнхрүүл..
Нэг их Монголд ашиг өгөөд байгааг бол мэдэхгүй юм. Дээгүүр их сэвсэн болохоор юу л бол
Элбэгдоржийн хийсэн гэрээ
Гол нь манайх энд ямар ч хөрөнга оруулалт хийгээгүй. Өргүйгээр бүтээгдэхүүний 22-24 хувийг авч байгаа. Мэдээж татвар нэмэгдэх ёстой. Гэрээ муу болоогүй.