Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Чон Чхон Сөүл урьдчилсан цохилт өгөх зорилгоор ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулбал Хойд Солонгос Өмнөдийн гол гол цэгүүдийг “хайр найргүй” устгана гэж мэдэгджээ.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-нд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук явган цэргийн стратегийн пуужингийн командлалыг байгуулах ёслолын ажиллагааны үеэр БНСУ нь Хойд Солонгос дахь аливаа байг оновчтой бөгөөд богино хугацаанд устгах хангалттай олон тооны төрөл бүрийн пуужинтай гэж мэдэгдсэний хариуд Пёньян ийнхүү анхааруулжээ. Со Ук БНСУ-ын арми Хойд Солонгосын зүгээр цохилт өгөхөөр бэлтгэж буйг илрүүлсэн даруйд урьдчилсан цохилт өгөх чадвартай гээд Өмнөд Солонгос холын тусгалтай илүү оновчтой, илүү хүчтэй пуужин бүтээхээр ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
Пак Чон Чхон “Цөмийн зэвсэгтэй улсын эсрэг урьдчилсан цохилт өгнө гэж эсвэл галзуу, эсвэл тэнэг хүн л ярина. 1950-1953 оны Солонгосын дайн зөвхөн эвлэрлээр төгссөн тул хоёр Солонгос дайны байдалд байсаар байгаа. Тиймээс ийм нөхцөлд аливаа оновчгүй, цагаа олоогүй мэдэгдэл нөгөө талыг өдөөн хатгаж, мөргөлдөөн болон дайнд хүргэж болзошгүй” гэж онцолжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ё Жон БНСУ-ын Батлан хамгаалахын сайдыг “хог” хэмээн цоллоод ийм үг эмгэнэлт үр дагаварт хүргэх аюултай гэж анхааруулжээ. Тэрбээр Сол Укийн “урьдчилсан цохилтын” талаар хэлсэн үг Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам л дэвэргэнэ гэж онцолжээ. Тэрбээр БНСУ-ын талаарх олон асуудлыг эргэн харна гэж мэдэгдээд БНСУ-ын сайдын ийм үйлдэл дахин давтагдахгүй гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )