Энэтхэгийн газрын тос боловсруулах төрийн өмчит компаниуд Оросоос худалдан авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж “The Economic Times” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Украины хямрал болон Хятадад ковид-19 халдвар дахин дэгдсэн энэ үед Энэтхэг хямд үнээр их хэмжээний газрын тос худалдан авах боломжтой. Орос улс Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших хугацаанд Энэтхэг 15 сая баррель газрын тос Оросоос худалдан авчээ. Ингэхдээ төлбөр, тооцоогоо ам.доллароор хийсэн гэж тус хэвлэлд онцолжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тус хоёр улс хоёр талын худалдааны төлбөр тооцоог рубль, рупийгээр хийх гүйлгээний шинэ платформ байгуулах боломжийг судалж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Үүний тулд Шинэ Дели хэд хэдэн санал тавьсан байна. Блемберг агентлагийн мэдээлснээр, тус хоёр улс “SWIFT” системийн орос хувилбар дээр тогтож магадгүй аж. Үүнээс гадна, Энэтхэгийн Засгийн газар Оросын талд Энэтхэгийн зах зээлд хөрөнгө оруулах, зээл авах боломж олгохоор зэхэж байна.
Түүнчлэн, Энэтхэг улс цай, будаа, жимс, кофе болон далайн бүтээгдэхүүний экспортоо сэргээжээ. Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Энэтхэг улс Орост хийх эдгээр бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг төлбөр тооцоо, тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэн түр зогсоогоод байсан юм. Худалдааны төлбөр тооцоог Оросын Сбербанкаар дамжуулан рубль, рупийгээр хийж байгаа аж. Ингэхдээ тээврийг Гүржийн боомтуудаар гүйцэтгэж байна гэж Энэтхэгийн экспортлогчдын холбооны ерөнхий захирал Ажай Сахай мэдээлжээ.
Орос улс жилд 40-45 сая кг энэтхэг цай импортолдог байна.
Сэтгэгдэл ( 0 )