"Эрт илрүүлэгт тогтмол хамрагдсанаар дундаж наслалт нэмэгдэнэ"

2022 оны 05 сарын 05

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй өглөөний уулзалт хийж, энэ сарын 1-нээс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдаас дараах тодруулгыг авлаа.


-Эрт илрүүлгийн ажил орон даяар эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эрт илрүүлэгт бид бүхэн “Эрүүл идэвхтэй амьдрал”, “Эх хүүхэд”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” зэрэг долоо, найман үндэсний хөтөлбөрийг цогцоор нь оруулж өгсөн. Дээрээс нь ковидын талаарх үлдэц, өөрчлөлтийг илрүүлэх зорилготой. Зүрх өвддөг боллоо, бөгшүүлж ханиаж байна гэх зэргийг иргэд маань хэлж байгаа. Тиймээс ямар далд өөрчлөлт байна, хожуу гарах ур уршгаас нь сэргийлэх юм. Хоёрдугаарт, манай улсад зонхилон тохиолддог өвчлөлүүд рүү чиглэсэн багцыг гаргасан. Зүрх судас, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтний өөрчлөлт, хавдар гэсэн өвчлөлийн эрт илрүүлгийг хийнэ. Гуравдугаарт, манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү 9.7 гээд бараг 10 болчихсон.

Тийм ч болохоор үүнийг Засгийн газраас 2024 он гэхэд таван жил болгоно гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Гэхдээ энэ маань олон жилийн хугацаанд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд гарах ажил. Ямартаа ч 2022 оны төсөв дээр даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Өмнө нь 20 тэрбум төгрөгөөс дээш гардаггүй байсан бол энэ удаад гурав дахин нэмэгдүүлсэн. Ер нь нэг хүн өвчин туслаа гэхэд 11.2-12.3 сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо судалгаа бий. Харин тухайн хүн жил бүр эрүүл мэндийн даатгалаа төлөөд эрт илрүүлэгтээ хамрагдаад явбал энэ эрсдлээс сэргийлнэ. Одоогийн байдлаар хоёр өдрийн дотор /өчигдөр/ улсын хэмжээнд 5117 хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Тухайн хүндээ илүү цаг гаргаж, тулж харьцахыг нь тооцоолж, нэг эмнэлэг өдөрт 40-60 хүн хүлээж авахаар зохион байгуулалт хийсэн. Иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдах учиртай. Гэхдээ наана нь бие тань өвдвөл заавал урилга хүлээхгүйгээр тухайн өвчнөө үзүүлэх боломжтой.

-Эрт илрүүлэгт хамрагдахын давуу тал юу вэ?

-Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад хорт хавдар дандаа III, IV шатандаа оношлогдож байна. Үүний дараагаар тухайн өвчилсөн хүний амьдрах чадвар нь нэгхэн жил байгаа. Энэ бол үнэхээр маш харамсалтай тоо баримт. Жишээлбэл, ходоодны хорт хавдрыг бид эрт илрүүлчих юм бол эмчилгээ нь маш амархан байдаг.

Харин сүүлийн шатандаа орчихсон бол ходоодыг нь авахаас өөр арга байдаггүй. Энэ мэтчилэн маш их давуу талууд бий болно. ДЭМБ-ын гаргасан тооцооллоор ч гэсэн тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар зүрх судасны өвчлөл, чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжийг 50 хувь хүртэл бууруулна. Хорт хавдрын нас баралтыг 25-35 хувь бууруулна гэсэн тооцоолол байгаа. Дээрээс нь эрт илрүүлгийг хэрэгжүүлснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэх, амьдралын чанар сайжрах, урт хугацаандаа өвчлөл буурснаар эмнэлгийн ачаалал буурах боломжтой. Эмнэлгийн зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн ачааллыг бууруулах гээд олон сайн зүйл тодорхой хугацааны дараа гарна гэж харж байгаа.  

-Энэ ажил цаашдаа байнга явах уу? 

-Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичиг “Алсын хараа 2050”-д “Иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношлогоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасан. Харин бид эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг, үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна. Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллах болно. Илрүүлэг сайжирчихаар өвчлөл нэмэгдэж таарна. Гэхдээ эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлж, эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болох юм. Нийтдээ 700 гаруй оношны бүлэг байгаа бөгөөд эмнэлгүүд маань бүгдийг нь авах хүчин чадалтай эмнэлэг одоогоор байхгүй байна.

Тиймээс дийлэнх эмнэлэг 300-400 оношны бүлэг дээр нь Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийдэг. Хэрвээ тухайн эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлээд л байвал нэмж гэрээ хийгээд санхүүжилтээ нэмж аваад байна гэсэн үг. Дээрээс нь сувилалууд нөхөн сэргээх эмчилгээний санхүүжилт авч болно. Хувийн эмнэлгүүд маань нэгдээд нэгдсэн үзлэг, оношилгоо хийдэг болчихвол өндөр санхүүжилт авах боломжтой болсон. Мөн бүх эмнэлгүүдийн санхүүжилтийг бид цахимаар хянадаг болсон. Тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эдгэсэн гээд гарсан ч түүнийг эдгэсэн гэдгийг нь батлах зүйлээ оруулж, баталгаажуулаагүй бол тухайн өвчтөнийг эмчилсэн санхүүжилтийг олгохгүй. Өмнө нь стори нээсэн л бол санхүүжилтээ авдаг байсан.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top