Ямар ч цаг үед "хөл гишгэх" зайгүй байдаг Өрхийн эмнэлэг яг л хэвээрээ. Өрөө дамжиж, нааш цааш холхисон эмч, сувилагч. Үзлэгийн өрөөний гадна дараалан суух хорооны оршин суугчид.
Өнгөрсөн удаад биднийг өрхийн эмнэлгүүдээр ороход ковидоор өвдсөн иргэдийн хөл тасрахгүй байсан бол энэ удаад хүүхэддээ вакцин хийлгэх гэсэн ээж, аавууд болон хүүхдээ эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар ирсэн иргэдийн хөлд дарагдсан байв.
"ӨНДӨР, ЖИНГ НЬ ТОГТМОЛ ҮЗДЭГ БОЛОХООР ХҮҮХДЭЭ НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛМААР БАЙНА"
Энэ тавдугаар сарын 1-нээс иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс даяар эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг эхэлсэн билээ. Бүтэн жилийн турш зохион байгуулах энэ ажлыг эхлүүлээд дөнгөж 10 хонож байхад үр дүн гарч байгаа ч шүүмжлэх зүйл ч бас байна.
Учир нь "Эрт илрүүлэг - 2022" аяны хүрээнд 0-17 насны хүүхдүүдийг хорооны эмнэлэгт үзэж, шинжилгээ хийж байгаа юм. Ингэхдээ биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ, сэтгэц, зан төрхийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө гэх зэргээр үйлчилж байна. Үүнд л эцэг, эхчүүд бухимдаж байна.
Нэгэнт л нэгдсэн байдлаар улсын бүх иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж байгаа бол хүүхдэд илүү анхаарч, эрдсийн үнэлгээ, шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэх мэт хүүхдэдээ тэр бүр хийлгэх боломжгүй шинжилгээнд хамруулахыг ээж, аавууд хүсэж байгаа юм.
ВИДЕО ҮЗЭХ:
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны өрхийн эмнэлэг үүднээсээ эхлээд л иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалсан самбар байрлуулжээ. "Үзлэгийн өрөө I" гэсэн хаягтай хаалганы урд хүүхдээ дагуулсан ээж, аавууд харагдана.
Тэднээс урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан эсэх талаар асуухад "Төрсөн өдрөөр нь дуудна гэсэн. Миний төрсөн өдөр болоогүй ээ. Хүүхэд маань ч хамрагдаагүй байна. Гэхдээ хүүхдийн үзлэгийг өндөр, жинг нь үзээд гаргаж байна гэсэн. Энэ худлаа байгаасай л гэж бодож байна. Өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр өндөр, жинг нь байнга үздэг шүү дээ. Тэгэхээр илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулмаар байна " гэв.
"0-17 НАСНЫ БАГЦАД ТӨСӨВ ТУСГААГҮЙ УЧИР ШИНЖИЛГЭЭ АВАХГҮЙ "
Хүүхдэд ямар шинжилгээ, оношилгоо хийж байгаа талаар тус өрхийн эмнэлгийн Их эмч Б.Анужингаас тодрууллаа.
-Сайн байна уу. Урьдчилан сэргийлэх үзлэг эхлээд 10 хоносон байна. Энэ хугацаанд танай өрхийн эмнэлэгт хичнээн хүүхэд шинжилгээнд хамрагдсан байна вэ?
-Тавдугаар сарын 1-нд эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоо эхэлснээс хойш 30 орчим хүүхэд хамрагдсан байна. Бид өнөөдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулиудаар очиж, үзлэг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Сурагчдын зуны амралт эхлэхээс өмнө хүүхдүүдийг үзэхийг хичээж байгаа юм.
Ээж, аавуудад анхааруулж хэлэхэд, хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна. Тиймээс хүүхдийнхээ шүдэнд анхаарч, чихэр агуулсан бүтээгдэхүүн бага өгөх хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэх хүүхдийн үзлэг нь өндөр, жин үзэхээс хэтрэхгүй байна гэж эцэг, эхчүүд шүүмжилж байна. 0-17 насны хүүхдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-0-17 насны хүүхдүүдийн хувьд бол хоёр багц бий. 0-5 болон 6-17 нас гэж ангилсан байгаа. Үүнд тухайн хүүхдийн эрүүл мэндийн ерөнхий үзлэг, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, сонсгол, хараа, биеийн жингийн индекс, тухайн хүүхэд насандаа тохирсон бие галбиртай байгаа эсэх зэрэг багтсан. 6-17 насны хүүхдэд бол сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн асуумж болон сүрьеэгийн эрсдлийн үнэлгээг нэмэлтээр хийж байна.
Эцэг, эхчүүд хүүхдүүдээс шинжилгээ авахгүй байна гэж шүүмжилж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эрт илрүүлэг учраас шинжилгээ төлөвлөөгүй.
0-17 насны хүүхдийн үзлэгт улсаас ямар ч мөнгө төлөвлөөгүй учраас шинжилгээ авахгүй гэсэн үг.
Мөн компьютер томографын үзлэг нь хүүхдийн эрүүл мэндэд хортой учраас хүүхэд бүрт хийх шаардлагагүй.
Эрт илрүүлгийн хүрээнд хийж байгаа эрүүл мэндийн ерөнхий үзлэгээр тухайн хүүхдэд ямар нэгэн эмгэг илэрсэн бол цааш лавлагаа шатлалын эмнэлэг рүү шилжүүлээд шаардлагатай тохиолдолд шат дараатай арга хэмжээг авна.
"ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ӨВЧЛӨЛД ТУЛГУУРЛАЖ 0-17 НАСНЫ БАГЦЫГ ГАРГАСАН"
Орон даяар үргэлжилж байгаа эрүүл мэндийн үзлэгт зориулан 2022 оны төсөвт 60,8 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр нэг даатгуулагчийн үйлчилгээнд дунджаар 150 мянган төгрөг ногдож байгаа гэсэн үг юм. Харин 0-17 насны багцад зардал төсөвлөөгүй буюу үнэ төлбөргүй хийж байгаа.
Өөрөөр хэлбэл, Эрт илрүүлэг гэх нэрийн дор хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төвийн тогтмол үзүүлдэг үйлчилгээнд л хамруулж байна гэсэн үг.
Өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрт илрүүлгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үеэр хүүхдэд төсөв гаргаж, шинжилгээ хийхгүй байгаа шалтгааныг тайлбарлав.
Ингэхдээ тэрбээр "Олон нийтийн сүлжээнд 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна гэх агуулга бүхий мэдээлэл гарч байна. Ийм зүйл байхгүй. Хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа.
Тодруулбал, Бид 18-аас дээш насны дөрвөн багцад 60-150 мянган төгрөгийн шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар үйлчлүүлж байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй.
0-5 насны хүүхдэд дөрвөн төрлийн шинжилгээ, 6-17 насны хүүхдэд зургаан төрлийн шинжилгээг хийж байна. Эдгээр шинжилгээг манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөл дээр тулгуурлан гаргаж, багцалсан. Өөрөөр хэлбэл, манай улсад гарч буй тэргүүлэх зэргийн өвчлөлд компьютер томографи шээс, цусны шинжилгээ зэргээр илрэх өвчин бага учраас үргүй зардал болно" гэх тайлбар өгсөн юм.
Хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт байгаа энэ үед иргэдийнхэээ эрүүл мэндэд анхаарч, хожим нь биш эхэнд нь оношлохыг зорьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэрэгжүүлж эхлээд 10 хонож байгаа энэ ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж буй нь цаашид засаж, сайжруулах зүйл байгааг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )