Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ сарын 01-нээс эхлэн улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон билээ.
Энэ хүрээнд 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Ингэснээр нэг даатгуулагчийн үйлчилгээнд дунджаар 150 мянган төгрөгийн төсөв ногдож байгаа гэсэн үг. Тус шинжилгээний явц ямар байгаа талаар энэ удаагийн дугаараар сурвалжиллаа.
ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН ХҮРЭЛЦЭЭ МУУ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛТОЙ БАЙНА ГЭЛЭЭ
Монгол Улс иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг. Харамсалтай нь иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байдаг аж. Манай улсын иргэдийн дундаж наслалтын хувьд эмэгтэй 70.8 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж нас 60.6 байдаг. 2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 01-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлээд долоо хонож байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгт үзлэгт 0-5, 6-17 насныхан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу үзүүлэхээр заасан байгаа. Энэхүү шинжилгээ, оношилгоонд шимтгэлээ бүрэн төлсөн иргэн л эрт илрүүлэгт хамрагдах юм. Чингэлтэй дүүргийн эмнэлэг хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус дүүрэгт үзүүлвэл зохих 90 гаруй мянган хүн хамрагдах ёстойгоос долоо хоногийн хугацаанд 0-60 насны 1247 хүн хамрагджээ. Үүний 741 нь хүүхэд, 506 нь насанд хүрэгчид эзэлж байна. Хүүхдийн дунд томуу, суулгалт өвчин их байгаа аж.
Эрт илрүүлэх оношилгоонд дугаарлаж буй 12 дугаар хорооны иргэн Д.Мөнхтуяа “Би 46-60 насны багцад орж байгаа. Намайг өрхийн эмнэлгээС дуудаж дүүрэг дээр шинжилгээгээ өгөөрэй гэж хэлсэн. Үүнд биохими, цус, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн хэт авиа, бамбайн хэт авиа, хөхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген зураг зэрэг шинжилгээ өглөө. Шээсний шинжилгээг өрхийн эмнэлэг дээр авч байна. Хариу нь өдөртөө гарч байна. Энэ жил 48 нас хүрч байна. Өнөөдөр ирээд есөн төрлийн шинжилгээ өглөө. Дараалал ихтэйг эс тооцвол хүндрэлгүй хурдан ажиллаж байна. Иргэн бүрд 150 мянган төгрөг төсөвлөсөн гэж дуулсан. Дээрх бүх шинжилгээг хэрэв хувийн лабораторид өгсөн бол 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болно. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан, нүдээ олсон ажил болж байгаад баяртай байна” гэлээ.
Тэгвэл тус дүүргийн статистикийн эмч Ш.Мөнхчимэг “Одоогоор шинжилгээний дүн гараагүй байгаа бөгөөд энэ сарын 20-доор эхний ээлжийн дүн гарна. Өдөрт тоног төхөөрөмжийн хүчин чадлаасаа шалтгаалж 100-аад хүн үзүүлж байна. Бид товлолын дагуу дараалал, ачаалал үүсгэхгүйгээр үйлчлэхийг хичээж байгаа ч эмч нарын хүрэлцээ бага байна. Эрт илрүүлэх оношилгооны ажилд тусад нь эмч ажилчдыг гаргаж өгөөгүй эмч нар ажиллаж байгаа учраас хүний нөөцийн дутагдалтай байгаа. Иргэд өрхийн эмнэлэгтээ хандаж бүртгүүлмэгц дүүргийн эмнэлэгт хороо хороогоороо, нас насны багцаараа дараалал үүсэж энэ дагуу дүүргээс иргэдээ дуудна. Хүний цаг зав боломжийг харж байгаа учраас заавал өнөөдөр утасдаад маргааш ир гэхгүй, уян хатан ажиллаж байна” гэлээ. Сүхбаатар дүүргийн хувьд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгооны хуваарийг хороо тус бүрээр гаргажээ. Жишээ нь, 1-6 дугаар хороо Улсын I төв эмнэлэгт, 7-8 дугаар хороо Рехамед эмнэлэг, 12-14 дүгээр хороо Сүхбаатар нэгдсэн эмнэлэг, 9-11 болон 15 дугаар хороо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, 16-20 дугаар хороо Фамили медикал эмнэлэгт тус тус очиж үзүүлэх аж. Тус хуваарийн дагуу ажиллаж буй нь дүүргийн эмнэлэгт ачаалал үүсгэхгүй байх давуу талтай гэж эмч нар онцолж байлаа.
ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХ НЬ ҮЗЛЭГИЙГ ӨНДӨР, ЖИНГЭЭС ХЭТЭРСЭНГҮЙ ХЭМЭЭН СЭТГЭЛ ДУНДУУР БАЙВ
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хүүхдэд зориулсан үзлэг, оношилгоог өрхийн эмнэлэг дээр авч байгаа аж. Эрт илрүүлэгт хамрагдаж буй 0-17 хүртэлх насны хүүхэд тус бүр найман төрлийн үйлчилгээ авахаар зохицуулжээ. Тухайлбал, үзлэгийн хүрээнд хүүхдэд зориулж биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ, сэтгэц, зан төрхийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, дүгнэлт бичих, зөвлөгөө өгөх ёстой юм байна. Тэгвэл иргэдийн дунд энэхүү үйлчилгээнд зориулж хүүхэд тус бүрд 150 мянган төгрөг төсөвлөсөн гэх ташаа ойлголт үүсээд байгаа ажээ. Тэгвэл эдгээр үйлчилгээ үнэ төлбөргүй гэдгийг Эрүүл мэндийн яамны эх сурвалж тодотгосон. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн хувьд 2100 гаруй хүүхэд үзлэгт хамрагдах ёстой. Үүнээс 70 гаруй хүүхэд ирж эрт оношилгоондоо оржээ. Эмч хүүхдийн цус багадалтыг шинжих, сэтгэцийн асуултуудтай асуумж бөглөх, нүдний хараа шалгах, бугалга болон цээжний тойргийг хэмжих, өндөр биеийн жинг шалгах, амны хөндийн эрүүл мэндийг үзэх, зүрхний бичлэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байлаа. Их эмч Б.Цэцэгмаа “Хүүхдүүдийн дунд 80 хувь нь шүдний цооролтой байна. Ийм хүүхдийг дүүргийн эмнэлэг рүү эмчилгээ бичиж явуулж байгаа.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ чихэр, чипс, хийжүүлсэн ундаа их хэрэглүүлж байна. хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан, дархлааг дэмжсэн хоол ундаар хангахын сацуу амны хөндийн эрүүл мэндэд цаг тутам анхаарах шаардлагатай байна. Шүдний цоорол гэдэг зүрх, бөөр, ходоод гээд олон төрлийн өвчлөлийн суурь шалтгаан болж байдаг. Багаасаа шүдний өвчлөлтэй байгаа хүүхэд эрүүл өснө гэдэг эргэлзээтэй.
Эмч нарын хувьд маш ачаалалтай, хүний нөөцийн хомсдолтой ажиллаж байна. Эмчийн ажил хийх сонирхолтой боловсон хүчин цөөхөн, ажлаас халгах, халшрах, ажлын байрандаа удаан тогтохгүй байх хандлагатай байна” хэмээсэн юм.
Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн н.Мөнхзул “Би дөрвөн хүүхэдтэй. Манай хүүхдийн өндөр, жинг үзээд л болсон. Хүүхдийн шээс, цусны шинжилгээгээр олон төрлийн өвчлөл гарна. Тэгэхээр энэ шинжилгээ өнгөцхөн нэр төдий зүйл болж байгаа юм шиг санагдаж байна. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хариуцлагатай үзэж, төгс шинжлэх хэрэгтэй шүү дээ. Манай найз ч бас хүүхдээ эрт оношилгоонд хамруулахад сүртэй юм үзсэнгүй, өндөр жинг л хэмжлээ гээд сэтгэл дундуур байсан” гэж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж эрт илрүүлэг, үзлэг оношилгооны нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 мянга орчим хүн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Иргэдийн шинжилгээг харахад харилцан адилгүй үр дүн байгаа. Бид долоо хоног бүр ерөнхий тоймлосон мэдээлэл авч, нэгтгэж байна. Эхний байдлаар харахад, иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна. Бага насны хүүхдийн шинжилгээнээс гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь дараагийн шатанд нарийвчилсан шинжилгээ хийж баталгаажна" гэлээ. Энэ мэдээллийг сонсоод иргэд үзлэгтэ яаравчилж магадгүй л юм.
Эрт илрүүлэх оношилгоо бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх учир иргэд нэг их яарахгүй, ойр тойрныхоо хүмүүсийг ажигласан өнгө аястай байлаа. Зарим иргэд өөрийг нь шууд л дүүргээс дуудах байх гэсэн хүлээлттэй сууж байгаа нь мэдээлэл дутмаг байгааг илтгэж байв. Эмч нар нь ачаалалтай байгаагаа учирласан, иргэд нь авах ёстой хэмээн хойш суусан дүр зураг ажиглагдаж байсан тул дээрх оношилгоо шинжилгээг аль болох хүртээмжтэй, ачаалалгүй байх тал дээр зохицуулалт хийж, хүний нөөцийн бүрдүүлэлт тал дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн 60.8 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулав гэдгийг шилэн данстай болгож, ачаалалтай байгаа эмч нартаа нэмэлт урамшуулал олгох, дүүргүүдийн оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )