Европын Холбооны гишүүн орнууд энэ сарын 23-24-нд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд нэр дэвшигч орны статус олгох тухай улс төрийн зөвшилцөлд хүрчээ. Энэ тухай Францын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон Люксембургт болсон Европын зөвлөлийн хуралдааны дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр “ЕХ-ны гишүүн орнууд Украинд ЕХ-нд элсэх нэр дэвшигч орны статус олгох тухай өргөн хүрээний улс төрийн зөвшилцөлд хүрсэн” гэж онцолсон байна. Украинтай зэрэгцэн ЕХ Молдав, Гүржийн өргөдлийг авч хэлэлцэж байгаа билээ.
Гэсэн хэдий ч баруун Балканы орнуудыг элсүүлэх тухай яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг ирэх дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэж амжихгүй гэж Клеман Бон онцолсон байна. Болгар улс 2005 онд нэр дэвшигч орны статус авсан Умард Македон, 2009 онд мөн ижил статус авсан Албани, 2010 онд нэр дэвшигч орны статустай болсон Монтенегро улсыг ЕХ-нд элсүүлэх тухай яриа хэлэлцээг эхлүүлэхэд хориг тавьсан хэвээр байгаа билээ. Европын Зөвлөлийг даргалж буй Францын Засгийн газар Болгар улстай энэ асуудлаар идэвхтэй хэлэлцээ хийж байгаа ч Болгар дахь улс төрийн нөхцөл байдал хүнд хэвээр байна гэж Клеман Бон тодруулсан байна.
Европын парламентын тэргүүн Роберта Метсола украинчуудад сэтгэлийн дэм өгөх үүднээс Украинд нэр дэвшигч орны статус олгохын төлөө байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч ЕХ-нд элсэхэд олон алхам хийх шаардлагатай гэж Метсола мэдэгдээд энэхүү алхам нь зөвхөн итгэл найдварын бэлэг тэмдэг юм гэж онцолсон билээ. Энэ сарын 17-нд Европын Комисс Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад Украин, Молдавт нэр дэвшигчийн статус олгохыг зөвлөжээ.
Үүнтэй зэрэгцэн ирэх долоо хоногт Истанбул хотноо Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах асуудлаарх Орос, Украин, Турк, НҮБ хоорондын дөрвөн талт хэлэлцээ болно. Уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцох хүлээлттэй байна.
Истанбулын механизм ажиллаж эхэлбэл ойрын 6-8 сард дэлхийн зах зээлд 35-40 сая тонн үр тариа Босфор болон Дарданеллаа хоолойгоор дамжин орж ирэх юм. Эл механизм ажиллаж эхэлбэл тээврийн хөлгүүд Одессын боомтоос эхлээд хөдлөх юм. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах зорилгоор “ногоон коридор” нээх асуудлыг хэлэлцэхээр Туркийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ долоо хоногт Москва айлчлахаар төвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ, Украин, Турк батлан хамгаалах яамны шугамаар шуурхай харилцаа холбооны шугам нээхээр болжээ. Энэхүү шугамын тусламжтай үр тариаг гаргах асуудлыг нарийвчлан хэлэлцэж, улмаар энэ үйл явцыг бүрэн дүүрэн гүйцэтгэж дуусгах хүлээлттэй байна. Украины үр тариаг гаргах аюулгүйн коридор байгуулах асуудлыг Анкарад энэ сарын 8-нд болсон ОХУ, Турк, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцсэн билээ. Хэрэв Киев боомтуудаа минагүйжүүлбэл Москва үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцнуудыг саадгүй гаргах баталгаа олгоно гэж мэдэгдээд байгаа бол Туркийн тал Украины үр тариаг Хар тэнгисээр аюулгүй гаргах баталгаа олгох тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )