Сэкивакэ асан Хаятэүми сонгуульд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Хаятэүми буюу Сайто Наохито энэ сард болох парламентын сонгуульд Аомори мужид Либерал Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх болжээ.

Аомори муж бол анхны Таканохана, Майноүми, Макамисакари зэрэг олон сүмоч төрүүлсэн, бөхийн нутаг.

Хаятэүми сонгуулийн машин дээрээ “Японд тулгарсан асуудлуудтай халз барилдана” гэж бичсэн бол албан ёсны сайт дээр нь “22 жилийн дараах  парламентын гишүүн сүмо бөх”, “Энэ өргөн нуруунд минь ирээдүйгээ үүрүүлээч” гэх зэргээр сүмо бөх гэдгээ сурталчилгаандаа өргөн ашиглаж байна. Гэхдээ бөхчүүд улс төрд хэрэгтэй юу гэсэн сонгогчдын асуултад “Сүмо бөхийг найман жил барилдсан. Харин улс төрд ороод 10 жил болж байна” гэж хариулж байгаа. Хаятэүми эдийн засгийн бакалавр. 2006 онд зодог тайлаад Хамгаалалтын компанид ажиллаж байсан ч 2012 онд Аомори мужийн Итаянаги хотын орон нутгийн сонгуульд оролцож, ялалт байгуулснаасаа хойш улс төрд орсон юм.

Түүнээс өмнө парламентын сонгуульд өрсөлдсөн сүмочдыг дурсвал 34 дэх ёкозүна Минаногава 1946 оны сонгуульд Токио хотоос өрсөлдөж, 133 нэр дэвшигчээс 69-т орж, унаж байв. Харин комүсүби асан Кёкүдозан 1996 оны сонгуульд ялалт байгуулж, 2000 он хүртэл төр барилцсан. Сэкивакэ асан Арасэ 2001 оны сонгуульд өрсөлдөөд ялагдаж байв. Гадаад бөхчүүдээс комүсүби асан Кёкүшюүзан 2008 оны Монголын УИХ-ын сонгуульд ялж, 2012 он хүртэл ажилласан. Озэки асан Барүто Эстонийн 2019 оны сонгуульд ялалт байгуулж байлаа.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кэкэкэ(178.240.25.237) 2022 оны 07 сарын 05

Бекчүүд минь, муусайн күүжаа каалкүүдаас коолкон байгаараы

0  |  0
Зочин(66.181.185.58) 2022 оны 07 сарын 05

Энэ япон чинь манай араас орох нь уу дээ, бехчууд улс тер руу ороод л, тэнэг бехчуудийг терд гаргаад сайн юманд хургэхгуй л болов уу, манай туршлагаас харахад

1  |  0
Top