УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллахыг эрх мэдлээ хэтрүүлэн идэж ууж байна хэмээн шүүмжилсээр “Давхар дээл” гэж нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд зэрэг нэмж “Давхар дээл” өмссөн гэсэн утгатай.
Тэр нь явсаар сүүлдээ Засгийн газар огцруулдаг улс төрийн дархан мэх болж дархлагдсан түүхтэй. Үндсэн хуулийн цэц нь эрх баригчдад үйлчилж ирсэн болохоор улс төрийн мэх хийгчдийг давсанд тооцож ирсэн. Түүний үр дүнд төрийн ажлын туршлага дутмаг, мэдлэг боловсрол нимгэн нөхдүүд сайдаар томилогддог. Салбараа сайн мэдэхгүй, судалгаа байхгүйгээс, улс орны хөгжлийг гацааж, бодлогогүй явж ирсэн гажуудал манайд нүүрлэсэн. Сайдаар томилогдоод салбартайгаа танилцах гэж мунгинасаар дөрвөн жил болдог. Зарим нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорно.
Уг нь “Давхар дээл” гэж адлах бус туршлага, мэдлэг, боловрсолыг нь улс ашиглах учиртай. Үр шимийг нь мэдээж иргэд хүртэх ёстой.
Ер нь бол улс төрд орж байгаа хүмүүс хэдэн удаа сонгогдсон бэ гэдгээрээ улс төрийн шалгуурыг давж, туршлага хуримтлуулдаг. Олон улсын жишгийг харахад төрд олон сонгогдсон хүмүүс тухайн улсынхаа гол лидерүүд болдог. Тэр утгаараа төрийн хариуцлагатай албыг хашдаг. Үүнээс үзвэл улс орны ачааг үүрч байгаа Засгийн газар лидерүүдээс бүрдэх ёстой гэдэг нь харагдана. Харамсалтай нь манайхан “Давхар дээл” дархлаа байсныг хожуу ухаарч байх шиг.
Сүүлийн үеийн үйл явдлыг багцалбал УИХ 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгох буюу "Давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгасан. Энэ дагуу эрх баригч хүчин Засгийн газраа эмхэлсэн ч сөрөг хүчин Цэцэд маргаан үүсгэж байв. Харин энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг улс төрийн намууд дэвшүүлж байгаа. Мөн “Давхар дээл”-ний асуудал ч дахин хөндөгдөж байна. Түүнийг дагаад төрөөс иддэг, уудаг явдал хавтгайрна. Төрийн бүтэц цомхон чадварлаг байх ёстой гэсэн шүүмжлэлүүд бас гарч байгаа юм.
Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав хэлэхдээ “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх биш түүнд хяналт тавьдаг Дээд хурлын гишүүдийн тоог өргөн төлөөлөлтэй болгож, хууль тогтоох Бага хурлын үйл ажиллагааг хянадаг, хариуцлага тооцдог болох ёстой. Үндсэн хуулиар төрийн байгууламжийг өөрчилье гээд ярихаар зөвхөн УИХ-ыг л өөрчлөх тухай ойлгодог. Тийм биш. Төрийн байгууламжийг өөрчлөхдөө УИХ, Засгийн газар, шүүх засаглалын үйл ажиллагааг өөрчлөх ёстой. Монголын нийгэмд шударга бус явдал газар авсан, шударга бус байдал тогтсонд хамгийн буруутай нь шүүх засаглал. Би хүнийг нь хэлж байгаа юм биш. Тогтолцоонд нь байгаа хууль, эрх зүйн үндэс нь зөв байх ёстой юм” хэмээсэн.
Тэгвэл МҮАН-ын дарга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Б.Цогтгэрэл “Ямартай ч үндэсний эрх ашиг засаглах Ардын Их Хуралтай болсон тохиолдолд “Давхар дээл”-тэй Бага хурал байж болох юм. Энэ тохиолдолд хяналт тавих боломж бүрдэнэ. Хянах механизм байхгүй тохиолдолд “Давхар дээл”-тэй байна гэдэг нь төсвөө өөрөө батлаад, өөрөө зарцуулаад, өөрөө түүнийгээ хянана гэсэн үг. Энэ бол аль ч оронд байдаггүй, хэрэгждэггүй, шударга ёсыг тогтоодоггүй систем. Зарим хүн хэлэхдээ бусад оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг гэж тайлбарладаг. Гэтэл энэ бол парламент нь 600-700, 400-500 гишүүнтэй орнуудад байдаг тогтолцоо. Манайх шиг нийт парламентын гишүүний 20-25 хувь нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ-аа базчихдаг талтай. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа” гэсэн.
Ирэх намрын чуулганы эхэнд хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эргэн тойронд тогтолцоог тойрсон олон хувилбараас гадна, “Давхар дээл”-ний асуудал ийнхүү хөндөгдөж байна. Төрийн бүтэц цомхон, чадварлаг байна гэвэл хоёр танхимтай парламент байгуулах бололтой. Мөн түүнчлэн “Давхар дээл” дархлаа байжээ гэдгийг анзаарч, ухаарч амжсан бол МҮАН-ын Б.Цогтгэрэл нарын дэвшүүлж буй хувилбар батлагдах боломжтой. Түүний санаа бол Бага хурлын гишүүд “Давхар дээл”-тай байвал Дээд тахим нь базаад явчихна гэж үзжээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )