“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг танилцууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх нарын албаны төлөөлөл өнөөдөр уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцууллаа.

Стратегийн төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудад, гол мөрний ай сав газрууд болон Богдхан уулын дархан цаазат газрын ам бүрт мод тарьж, доройтсон ойн санг нөхөн сэргээх чиглэлээр үе шаттай ажлуудыг зохион байгуулахаас гадна үндсэн долоон чиглэлээр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр стратеги төлөвлөгөөнд тусгажээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган” зохион байгуулж, тус чуулганаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар 680 сая мод тарих гэрээнд гарын үсэг зурж, үндэсний хөдөлгөөнд нэгдээд байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 608.5 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 17 төлөөлөл 88.6 сая мод тарихаар амлалт өгсөн.

“Ойн салбарын үндэсний анхдугаар чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгуулж, үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн зөвлөмж гаргасан.

Дээрх зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бусад салбарын яамд, эрдэмтдийн төлөөлөл, төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулаад байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд

1. Цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчныг бий болгох,

2. Судалгаа, шинжилгээ хүний нөөц,

3. Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах,

4. Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх,

5. Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах,

6. Агро ой аж ахуйг бий болгох, жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар хөрсний элэгдэлээс хамгаалж, хүнсний хангамжийг сайжируулах, экспортыг нэмэгдүүлэх,

7. Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдгийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, амьдрах орчин таатай нөхцөлийг бүрдүүлэх гэсэн 7 зорилтын хүрээнд боловсруулсан байна.

Стратеги төлөвлөгөөний төслийг төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагыг 350 орчим хүнийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-тэй уялдуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн боловсруулж батлах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийх, Бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх болон донор байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж, төслүүдийг бэлтгэх, ногоон хөгжлийг дэмжсэн бусад салбар дундын бодлогуудын уялдаа, тэдгээрийг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох ажлуудыг хийж байна.

Дашрамд дуулгахад, 2022 оны хаврын мод тарилтаар 21 аймаг, нийслэлээс 169.099 иргэн, 6464 ААНБ оролцож 37.205 га талбайд 3.248.888ш, уул уурхайн томоохон 21 ААН-үүд 356 га талбайд 1.128.541ш мод тарьсан. Улсын хэмжээнд нийт 37.861 га талбайд 4.377.429ш мод тарьж ургуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top