Японы сөрөг хүчин болох Үндсэн хуулийн ардчилсан намын /ҮХАН/ удирдлага энэ сарын 27-нд болох Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн төрийн оршуулгын ёслолыг бүрэн бүрэлдэхүүнээрээ бойкотлох шийдвэр гаргажээ. Тус намын тэргүүн Кэнта Изүми Засгийн газарт төрийн оршуулгын ёслолыг зохион байгуулах үндэслэлийн тухай тавьсан асуулгад авсан хариултыг хангалтгүй гэж үзсэн тул ирэх арга хэмжээнд оролцохгүй байх шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. ҮХАН Засгийн газарт хандан, Абэгийн төрийн оршуулгын ёслолыг улсын төсвөөс санхүүжүүлэх, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний анги, нэгтгэлийг оролцуулах үндэслэл бий эсэх талаар асуулга тавьжээ. Учир нь энэ асуудлыг тусгасан хууль, журам байдаггүй байна.
Тус намын шийдвэрийг Японы Коммунист болон Социал демократ намууд мөн дэмжжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх арга хэмжээг долоодугаар сарын 12-нд Токио хотын Буддын сүмд хийж, шарилыг нь чандарласан байна. Харин Абэг сүүлчийн замд үдэх төрийн ёслолыг эзэн хааны ордноос холгүй байрлах “Ниппон бүдокан” ордонд энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна. Ёслолд зургаан мянган зочин уригдсан. Эл арга хэмжээнд Японы Засгийн газар 1.65 тэрбум иен буюу 11.5 сая ам.долларыг улсын төсвөөс гаргахаар болсон билээ. Төрийн ёслолын үеэр хүндэт харуул жагсаж, их буугаар 19 удаа буудаж, Абэ Шинзогийн гэгээн дурсгалыг хүндэтгэх юм. Эл арга хэмжээнд нийт нэг мянга орчим цэргийг дайчлах аж.
Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Засгийн газрын тэргүүн Энтони Альбанезе, Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдээд байна.