Өнөөдөр /2022.09.27/ Токиогийн цагаар 14.00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн төрийн оршуулгын ёслол “Nippon Budokan” ордонд эхлэх гэж байна.
Төрийн хэмжээний арга хэмжээг эсэргүүцэн Токио хотод олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Хууль сахиулагчдын хяналт дор жагсагчид “Nippon Budokan” ордны ойролцоох гудамж дагуу жагсаж байна. Тэд “Төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцэж байна”, “Оршуулгын ёслолыг цуцал” гэсэн уриа барьжээ. Идэвхтэй жагсагчдын цагдаа нар бүслэн, жагсагч дундаас шахан гаргахыг оролдож байна.
Үүнтэй зэрэгцэн, Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэн, цэцэг өргөх хүсэлтэй хүмүүс урт дараалал үүсгэжээ. Тэд “Nippon Budokan” ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд зассан тусгай тавцан дээр цэцэг өргөж байна.
Сөрөг хүчин болон ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан төрийн оршуулгын ёслолд дөрвөн мянга гаруй хүн оролцоно. Сүүлийн 55 жилд анх удаа зохион байгуулагдаж буй төрийн оршуулгын ёслолд Японы Засгийн газар 1.6 тэрбум иен буюу 11 сая ам.долларын төсөвлөсөн нь олны эсэргүүцэлтэй тулаад байгаа юм.
Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд гаднын 700 гаруй өндөр хэмжээний зочин, тэр дундаа 34 төрийн тэргүүн, 14 төрийн тэргүүн асан оролцоно. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах оролцох юм.
Шинзо Абэ долоодугаар сарын 8-нд Нара мужид сонгуулийн сурталчилгаанд оролцох үеэр халдлагад өртөж, амиа алдсан бидээ. Тэцүя Ямагами гэгч этгээд түүний ар нуруунаас хоёр удаа буудсан. Абэ цус алдсаны улмаас нас барсан билээ. Ар гэрийнх нь Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг гүйцэтгэж, долоодугаар сарын 12-нд талийгчийн шарилыг чандарласан.
Өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид Токиод байрлах хугацаанд хотын төв замуудыг пүрэв гараг хүртэл түр хаагаад байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс 20 мянган цагдааг дайчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )