Шинзо Абэгийн амийг хөнөөсөн этгээдийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг өнгөрсөн оны зун буудаж, амийг нь хөнөөсөн Тэцүя Ямагами гэгч этгээдийг хуулийн хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан түүнийг хаалттай сэтгэцийн эмнэлгээс Нара хотын хорих газарт шилжүүлсэн байна.

Ямагамид энэ сарын 13-аас өмнө түүнд хүний амь хөнөөсөн, галт зэвсэгт хууль бусаар эзэмшсэн хэрэг тулгахаар болжээ.

Тэнгисийн цэрэг асан Тэцүя Ямагами 2022 оны долоодугаар сарын 8-нд Хоншю арлын Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан Шинзо Абэг ар нуруунд нь буудаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Ингэхдээ тэрбээр өөрийн хийсэн буу ашигласан. Байцаалтын явцад гэмт этгээд Ерөнхий сайд агсан Абэг “Нэгдлийн сүм” шашны байгууллагатай холбоотой байсан гэж үзэн амийг нь хөнөөсөн хэмээн мэдүүлжээ. Түүний эх энэ байгууллагын хэт дагагч байсан ба бүх хөрөнгөө хандивласнаар гэр бүлээ дампуурахад хүргэсэн байна. Дараа дараагийн мөрдөн шалгалтаар Нэгдлийн сүмтэй Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлагууд холбоотой болохыг тогтоожээ. Тус байгууллагыг мөн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top