САМАРКАНД СОРИЛТОО АМЖИЛТТАЙ ДАВЛАА
Ковидын хөл хорионоос үүдэн сүүлийн хоёр жил биечлэн зохион байгуулагдаагүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ уулзалт есдүгээр сарын 14,15,16,17-нд Узбекстан улсын Самарканд хотод боллоо. Самарканд бол Доголон Төмөр хааны засаглаж байсан хот учраас хаан, хатныхаа бунханыг өв соёлын хөшөө дурсгал болгожээ.
Ирсэн зочид төлөөлөгчөө шорлог, пловоороо дайлж, дуулж бүжиглэн, хөшөө дурсгалаа үзүүлж байгаагаас нь харахад л "Узбекстанчууд найрсаг ард түмэн юм" гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.
Хоолны газрын үүдээр оронгуут л хээ угалзтай хувцас өмссөн хөгжимчид товшлуур, лимбэ, домбор хөгжмийг орчин үеийн дугаралттай хослуулан уянгалаг ая эгшиглүүлж угтах нь яг л “Косем хатан” киног санагдуулам. Цааш алхахад жимс жимсгэнэ алаглуулан өрж, ногооны салат, хэдэн төрлийн самар өрсөн аяга тавих зайгүй ширээн дээрээ суулгаад, плов, шорлогоороо дайлж ёстой л “хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж” болох тийм л орчинг зоог барих тоолонд бүрдүүлсэн байв.
Узбекстан улс ШХАБ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд дөрвөн жил бэлдсэн байна. Тэд шинэ аялал жуулчлалын хотхон байгуулж, Welness park hotel 1.2.3.4 барьж олон улсын Ерөнхийлөгч нарыг хүлээн авсан юм. Мөн ШХАБ-ын уулзалтад ажиллах хүмүүсээ бэлдэхийн тулд Аялал жуулчлалын их сургууль нээсэн аж.
Монгол Улсын төлөөлөгчдийг тэндхийн татварын газар хариуцаж авсан байлаа. Узбекстаны хамгийн найрсаг эелдэг иргэнээ сонгосон гэмээр Барбур, Элдори хоёр биднийг онгоцноос буухаас эхлээд суух хүртэл бүх асуудлыг хариуцаж, чиглүүлж хэлмэрчилж өгсөн юм.
ШХАБ-ЫН УУЛЗАЛТ ОЛОН УЛСЫН АНХААРЛЫН ТӨВД БАЙЛАА
ОХУ, БНХАУ геополитикийн асуудалтай үед зохион байгуулагдаж байгаа тул энэ уулзалт олон улсын анхаарлыг ихэд татсан байна. Станы орнуудаас гадна Иран, ОХУ, БНХАУ гээд бусад улсаас 600 орчим сэтгүүлч Самарканд хотод цугларчээ. Зарим сэтгүүлч нь өөрсдөө замын зардлаа төлж, ШХАБ-ын уулзалтыг сурвалжилахаар Самаркандыг зорьж иржээ. Тэд "ШХАБ-ын уулзалт бол маш сонирхолтой учраас өөрсдийн зардлаар зорьж ирсэн" гэдгээ тайлбарлаж байв.
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ГУРВАЛСАН УУЛЗАЛТ ЗУРГАА ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чжан Минтэй уулзаж, Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусаа ахиулахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Үүнээс гадна ШХАБ-ын уулзалтын үеэр зохион байгуулагдсан нэг чухал үйл явдал бол Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүний гурвалсан уулзалт байлаа. Энэ уулзалтаар Транзит Монгол болох зорилтоо танилцуулж, хоёр хөрштэй холбогдох төмөр замын гарцаа нэмэгдүүлэх, гурван улсыг холбосон хурдны зам тавих, хийн хоолойн төслөө урагшлуулах талаар санал солилцсон билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн гурван улсын төрийн тэргүүний уулзалт 2019 оноос тасарч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эргэн сэргээж байгааг энд онцлох нь зүйтэй.
Мөн Узбекстан улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзаж, Дипломат төлөөлөгчийн газар байгуулах, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон юм. Өөрөөр хэлбэл Узбекстан улс руу шууд нислэг үйлдэж, зорчигч болон жимс жимсгэнэ тээвэрлэх боломжийг судалж байгаа талаар Монгол Улсаас БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү онцоллоо.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед коронавирусний хөл хориотой байсан бол одооноос “дэлхий маскаа тайлж” олон улсын харилцаа эргэн сэргэж байна. Энэ таатай үеийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар алдалгүй ашиглаж чадаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын айлчлалыг зохион байгуулсан үйл явцаас дүгнэж болно. Гуравхан сая хүн амтай Монгол Улс дэлхийн томчуудтай мөр зэрэгцэн коронавирусний дараах эдийн засгаа тэлэх боломжийг бүхий л талаар эрэлхийлж, энх тайвныг эрхэмлэгч улс гэдгээ сурталчилан таниулж, улс орондоо ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж байна. Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтаар ч тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал уулзалтууд зохион байгуулагдсан юм.
Монгол Улс газарзүйн байрлалын хувьд хоёр том гүрний дунд оршин байдаг онцлогтой улс. Дэлхийн геополитикийн донсолгоотой энэ цаг үед бидний хувьд алдаж болохгүй том боломж байхыг үгүйсгэхгүй. Хоёр хөрш манайхаас тавьсан санал болгон дээр YES дарж, “буулт” хийсэн хариулт өгч байгаа энэ цаг үеийг ашиглан “Транзит Монгол” болох зорилтоо танилцуулж, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан эдийн засгийн үр өгөөжтэй ажлуудаа эхлүүлэх томоохон алхам хийсээр байна. Үүнд гурван улсын төрийн тэргүүнүүдимйн уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэдэг хүлээлт энэ удаагийн ШХАБ-ын гол үр дүнд байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манай ерөнхийлөгч гоё байнаа. Эх орны нүүр царай шүү дээ. Дэлхийн томчуудын өмнө сайхан харагдаж байна. Бас овоо зангарагтай юмаа.