Зүүн азийн орнуудын ээлжилт хурал Монголд болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурал Кемпински зочид буудлын Алтай хурлын танхимд болж байна.

Уг хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар, “Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү хуралд тус сүлжээний гишүүн орнуудын төлөөлөгчид, сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, үндэсний болон орон нутгийн холбогдох эрх бүхий багууллагуудын нийт 50 орчим төлөөлөгчид оролцож байна.

Арга хэмжээг нээж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар нээлтийн үг хэллээ. Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын шим мандлын нөөц газрын батламж болон Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газрын батламжийг холбогдох эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчдөд тус тус гардууллаа.

Хурлын хүрээнд Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандал хөтөлбөрийн Үндэсний хороодын болон шим мандлын нөөц газруудын зүгээс 2019-2022 онд хийсэн болон цаашид хийх ажлууд, шим мандлын нөөц газруудад цар тахлын үзүүлсэн нөлөө, тус газруудын цар тахлын дараах нөхцөл байдал, үйл ажиллагаа болон хадгалалт хамгаалалтын талаар хийгдэж буй ажлын талаар ярилцаж, харилцан туршлага солилцоно. Мөн тус сүлжээний үйл ажиллагааны хүрээнд цаашид зохион байгуулах сургалт, судалгааны ажлуудын талаар хэлэлцэхийн сацуу Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт ажиллаж, олон улсын шинжээчдээс зөвлөмж, зөвлөгөө авна.

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Говийн их дархан цаазат газрыг 1990 онд, Богд-Хан уулын дархан цаазат газрыг 1996 онд, Увс нуурын ай сав газрыг 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголын дархан цаазат газрыг 2005 онд, Монгол Дагуурын дархан цаазат газрыг 2007 онд, Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Увс нуурын хотгорыг 2021 онд хил дамнасан шим мандлын нөөц газрын ангиллаар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд (нийт 8 газрыг) тус тус ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна.

Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэнээр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хайхад тус дөхөмтэй. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээ, хурал, сургалтуудад хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа идэвхжиж, тус газрын боловсон хүчний чадавх нэмэгдэх ач холбогдолтой юм.

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний хурал 2 жилд нэг удаа болдог бөгөөд тус сүлжээний ээлжит хурлуудыг 1997, 2003, 2007, 2013 онуудад тус тус Монгол Улсад зохион байгуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top