Нөхөн сэргээхээс бусад ажилд 34,4 тэрбумыг хууль бусаар зарцуулжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

2019 оноос хойш хойших хугацаанд ашиглалтын болон хайгуулын нийт 43 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан боловч эдгээрээс 27 тусгай зөвшөөрлийг шүүхийн шатанд сэргээжээ.

БОХХААБХ-нд Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх мэдээллийг хийлээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Мөн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дэд ажлын хэсгийг аймаг, нийслэлд байгуулан ажиллаж байна. 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30.000 га талбай эвдрэлд өртсөн гэсэн дүн гарсан. Үүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд эвдэрсэн 21.000 га талбай, зам, барилга байгууламжийн ажлын улмаас эвдэрсэн өртсөн 2.000 гаруй га талбай, бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаа, төрийн өмчит улсын үйлдвэрийн олборлолт явуулж орхисон 8000 га талбай тус тус эвдрэлд орж, орхигдсон байна.

Гол мөрний урсац бүрэлдэх хийх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар Монгол орны гол мөрний урсац бүрэлдэх хийх ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд нийт газар нутгийн 25 хувьд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын дагуу усны сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч 53 аж ахуйн нэгжтэй усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж, нөхөн сэргээх 5 талт гэрээ байгуулан ажилласан. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хангуулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр тус яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2019 оноос хойш хойших хугацаанд ашиглалтын болон хайгуулын нийт 55 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан боловч эдгээрээс 27 тусгай зөвшөөрлийг шүүхийн шатанд сэргээжээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулж, нөхөн сэргээлт хийгээгүй 9 аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг 2019 онд цуцалсан. Гэвч одоогоор шүүхийн шийдвэрээр 8 тусгай зөвшөөрлийг эргэн сэргээсэн байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн орлогоос нөөцийн төрлөөс хамааран 15-85 хувийг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зохицуулалттай. Хуулийн дагуу 2021 онд улсын хэмжээнд 149.9 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс байгалийн нөөц хэрэглэсний төлбөрийн тухай хуулийн дагуу 146 орчим тэрбум төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой байсан хэдий ч 12.2 тэрбум төгрөгийг л зарцуулсан байна.

Энэ нь хуулийн хэрэгжилт дөнгөж 26 хувьтай хангагдаж байгаа хэлбэр юм. Зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээхээс бусад үйл ажиллагаанд 34.4 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(192.82.87.238) 2022 оны 11 сарын 03

Төсөв хуваарилж байгаа Сангийн яам, энэ мөнгийг нэхэж авах үүрэгтэй БО-ны яамдын хариуцах ёстой ажил биш үү?

0  |  0
Top