ТОЙМ 2022 | Нийгмийн салбарт өрнөсөн ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдлууд, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.
Уншигч та Нийгмийн салбарт болж өрнөсөн ОНЦЛОХ ТАВАН үйл явдалд  анхаарал хандуулна уу!


 
ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭД ХОЁР УДАА ЖАГСЛАА 

 

 

2022.04.07. Үнийн өсөлт, шударга бус нийгмийг эсэргүүцсэн иргэд "Ажлаа хий" уриан дор нэгдэж, Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд "Эх орондоо сайхан амьдармаар байна", "Өөрсдөө хэмнэ", "Ажлаа хий" гэх байр суурийг илэрхийлж, Загсийн газарт 15 шаардлага хүргүүлсэн билээ. Гурван өдөр жагссаны эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирж, жагсагчидтай уулзсан юм. Мөн өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдэж, залуусын төлөөллийг оролцуулсан Ажлыг хэсэг байгуулж байлаа.

2022.12.04. Байгалийн баялгийг хувьдаа завшсан "нүүрсний хулгайч" нарыг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шааарсан иргэд дахин Сүхбаатарын талбайд дахин цуглав. Энэ удаад иргэд өмнө нь байгаагүйгээр олон өдөр жагсаж, зарим нь шөнө хонож байлаа. Жагсаалын үеэр мөн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудтай хатуу тэмцэхээ илэрхийлэв. 

Жагсаалыг гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас ч Нүүрсний хулгайчдыг илрүүлэхэд туслах боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа. 

Эцэст нь АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 50 гаруй хүнийг шалгаж байгаа талаар мэдээлж, 17 хүний нэрийг зарласан ч иргэдийн жагсаал хэдэн өдрөөр сунжирсан юм. 

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ: МУУДСАН МАХ БЭЛТГЭСЭН МАХ БОЛОВСРУУЛДАГ 17 ҮЙЛДВЭРИЙГ БИТҮҮМЖЛЭВ
 

 

2022.05.26. “Эмээлт” захын зарим аж ахуйн нэгж махны шаардлага хангадаггүй, муудсан мах иргэдэд нийлүүлдэг, хүний биед сөрөг нөлөөтэй бодис маханд шахдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж,  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосон юм.

Үүний дараа Шадар сайд С.Амарсайхан тухай үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай хамтарсан ажлыг хэсэг байгуулж, мах боловсруулдаг үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийв.

“Эмээлт” захын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийснээр махны чанарын асуудал төр засгийн анхааралд хүрч чадсан юм. 

 

ЭРҮҮЛ МЭНД: ОРОН ДАЯАР ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
 

 

2022.05.01. Монгол Улсын бүх иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах зорилго бүхий "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг" үндэсний хөтөлбөрийг эхлүүлэв.

Засгийн газраас эхлүүлж буй тус хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хөтөлбөррийн хүрээнд 0-17 насныхан 6, 18-аас дээш насныхан 19 төрлийн шинжилгээнд хамрагдаж байна. 

 

БОЛОВСРОЛ: БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
 

 

2022.02.14. Их, дээд сургуульд элсэн орох сурагчдаас авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа буюу зургаа болон арюванхоёрдугаар сард зохион байгуулдаг боллоо.

2022.08.09. Цэцэрлэгийн сугалааг халж, хүүхэд бүрийг хамран сургах тойргийнх нь дагуу цэцэрлэгт хамруулахаар болов. 

2022.08.19. Их, дээд сургуулиудад өндөр шаардлага тавих талаар салбар яамнаас мэдэгдэж, 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Ингэхдээ 13 их, дээд сургуулийг хааж, 8 сургуулийг бусад их, дээд сургуульд нэгтгэлээ.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: “ЧИНГИС ХААН” МУЗЕЙ АШИГЛАЛТАД ОРЛОО
 


2022.10.11. Их хаадын олон зууны түүхийн баримт, үзмэрүүдийг агуулсан "Чингис хаан" музейг албан ёсоор нээв. 

Музейд нийт 12 мянга орчим үзмэр байрлуулсан бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдсэн хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл аж.

Эл музей нь 21 дүгээр зууны хамгийн том соёлын бүтээн байгуулалт хэмээн нэрлэгдээд буй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.109) 2022 оны 12 сарын 30

Ene Zasagin gazriin ued mash ih zuils hiisen buteesen bn

0  |  0
Top