Мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.
Эрхэм уншигч Та хууль, эрх зүйн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэвт анхаарал хандуулна уу!
Хөгжлийн банкны дуулиант баривчилгаа
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан хүсэлтийн дагуу энэ онд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа.
Хэрэгт холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ын дарга Д.Эрдэнэбилэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баривчлав. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьсны эцэст суллаж, хилийн хориг тавиад байгаа юм.
Түүнчлэн Д.Эрдэнэбилэгээс гадна нэр бүхий 12 хүнийг яллагдагчаар татан шалгасан. Тухайлбал, "Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч (Алтай констракшн) Х.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нар үүнд багтсан бөгөөд тэдний заримыг цагдан хорьж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байна.
Одоогийн байдлаар нэр дурдагдсан хүмүүсийн хэргийг шалгаж дууссан бөгөөд Хөгжлийн банктай холбоотой 16 хэрэг прокурорт хянагдаж, шүүхэд шилжихэд бэлэн болжээ.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нь нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлсэн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.
Түүнчлэн 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн үлдэгдэл байгаагаас төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 736.7 тэрбум, хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.
Арав гаруй жил маргаан дагуулсан хэрэг шүүхээр шийдэгдэв
Анх 2009 онд буюу одоогоос 13 жилийн өмнө "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан бол түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлж байлаа.
Дээрх хэрэг гурван шатны шүүхээр орсон. Энэ хугацаанд хэрэг мөрдөн байцаалтад удаа дараа буцаж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, дахин сэргээж, улмаар хэргийн оролцогч Г.Алтан нас барж, хэргийг тусгаарлах зэрэг олон тооны процесс явагдсаны эцэст 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноож, түүнээс нийт 109,093,910,000 төгрөгийг гаргуулахаар болсон юм.
Түүнчлэн энэ онд болсон бас нэгэн дуулиант шүүх хурал бол Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдож байна.
Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон. Хохирогч гэмтлээ даалгүй нас барснаар тэрбээр хүний аминд санаатай хүрсэн гэдэг хэргээр яллагдагчаар татагдан, жил гаруй хугацаанд шалгагдсан юм.
Н.Түвшинбаярыг хохирогч Э.Энхбатыг зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан, хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, 2022 оны зургаадугаар сарын 9-ний өдөр болсон шүүх хуралдаанаар 16 жилийн хорих ял оноосон юм.
“Хар тамхи”-ны хэрэгт нэр холбогдсон артистууд хариуцлагаас мултрав
Өнгөрөгч буй онд олон уран бүтээлч, артистууд хар тамхины хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад шалгагдлаа.
Тухайлбал, 2022 оны зургаадугаар сарын 18-нд Төв цэнгэлдэхэд болсон тоглолтын үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ажиллагаа явуулж, хэд хэдэн хамтлагийн дуучид болон бусад хүмүүсийг саатуулан, шинжилгээнд хамруулсан. Тухайн үед хэргийн газраас мансууруулах төрлийн бодис олдож, эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг.
Түүнчлэн, долоодугаар сарын 8-ны өдөр болсон "PLAYTIME 2022" хөгжмийн наадмын үеэр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан 20 гаруй иргэнийг шалгасан. Тэдний дунд “Vanquish” хамтлагийн Пангасс буюу Б.Баяраа, Артист 168 буюу Х.Тэнгис, DJ OJ буюу О.Ганболд нар багтсан байдаг.
Хамгийн сүүлд есдүгээр сарын 3-ны өдөр артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр саатуулж, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн болохыг тогтоосон.
Гэвч дээрх уран бүтээлчдийг анх удаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, биедээ авч яваагүй гэж үзээд, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, торгууль ногдуулж шийдвэрлэжээ.
Түүнчлэн дээрх артистуудаас гадна УИХ-ын гишүүн асан, “АПУ” ХХК-ийн захирал асан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, эхлээд байгаа юм.
“Хонгил”-ын шүүгч нар шүүхээс ял сонслоо
Хууль шүүхийнхэн хулгай дээрэм, авлига албан тушаалын наймаанд гар бие оролцож, бусдад хэрэг тохож, байцаан шийтгэх аргаар залхаан цээрлүүлдэг бүхэл бүтэн системтэй болсон гэгддэг.
2021 онд задарсан “Лифтний бичлэг”-т энэ дүрслэл тодоор гардаг бөгөөд тэднийг өмгөөлөгч, шүүгч, мөрдөн байцаах албаны ажилтнууд нийлж, хэрэг төлөвлөсөн байж болзошгүй гэдэг хардлага нийгэмд үүссэн. Түүний дараагаас хэргийн “схем” гарч ирснээр өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий шүүгч нарт авлига өгсөн, экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан юм.
Улмаар Б.Баасанцогтод дөрвөн жил дөрвөн сарын хорих ял, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7.5 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан юм.
Харин Б.Баасанцогттой бичлэгт хамт дүрслэгдсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг нээсэн бол АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Жагсагчдыг санхүүжүүлсэн “нүүрсчин” ил боллоо
Монгол Улсаас алдагдсан нүүрсний хэмжээ, хэдэн их наядаар яригдах хохиролд бухимдсан иргэд "хулгайч"-дыг илрүүлэн, хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан “органик” жагсаалыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхлүүлж байлаа.
Шаардлагын дагуу Засгийн газрын тэргүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд талбайд гарч, “Нүүрсний хулгай”-н эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу хуулийн байгууллагынхан хаагдсан хэргүүдийг сөхөж, шинээр үүссэн нөхцөл байдал, нүүрстэй холбоотой сэжүүрүүдийг нэгтгэн шалгаж, эхнээс нь арав гаруй албан тушаалтныг хориод байна.
Түүнчлэн “Холбоотой хүмүүсийн нэрийг зарла” гэх жагсагчдын шаардлагаар 17 хүнийг нэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 31 хүний нэр олон нийтэд ил болоод байгаа ч цаашид энэ хэрэгт холбогдох хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Гэвч жагсаал, цуглааныг буруу зохион байгуулалтад оруулж, иргэдийг үймээн самуунд турхирсан үйлдлүүд энэ үеэр гарах болсноор хуулийнхан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхлэв.
Жагсагчдыг тэргүүлж байсан жүжигчин У.Цогтбаярын хамаарал бүхий Я.Энхтуяа гэх эмэгтэйг жагсаалыг санхүүжүүлж байсан гэх үндэслэлээр нэг сарын хугацаанд цагдан хорилоо. Шалгалтын ажиллагаа эхэлснээс хойш жагсагчид гурван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг дээрх эмэгтэйгээр дамжуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нараас авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалжуудын мэдээллээр бол жагсаалыг зорилготойгоор зохион байгуулалтад оруулж, санхүүжилт авсан гэдэг үндэслэлээр жүжигчин У.Цогтбаярыг мөн холбогдуулан шгаж, уржигдар тайлбар мэдүүлэг авсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Танай захирал Мандахбаяр нүүрсний хулгайч нь илэрч албан ёсоор зарлагдлаа...