Энтони Блинкен БНХАУ-д зочилно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрдугаар сарын 5-6-нд Бээжинд айлчилна. Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ксин Гантай уулзана гэж “Politico” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, талууд Украин дахь мөргөлдөөн, Бээжингийн цөмийн зэвсэг, хар тамхины наймаатай хамтран тэмцэх тухай асуудлыг хэлэлцэж, Хятадад ял эдэлж буй АНУ-ын иргэдийн эх оронд нь шилжүүлэх тухай асуудлыг хөндөж магадгүй. Түүнчлэн, Энтони Блинкен өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалаас хойш царцсан хоёр талын цэргийн салбарын харилцааг сэргээх тухай асуудлыг тавихаар төлөвлөж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Индонез улсад 2022 оны арваннэгдүгээр сард болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахдаа Энтони Блинкенийг 2023 оны эхээр БНХАУ-д айлчлуулах тухай тохиролцоонд хүрсэн билээ. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, Блинкений айлчлалын дараа АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен Бээжинд айлчлах боломжийг мөн судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top