Үнийн дээд хязгаараар газрын тос экспортлох хориг үйлчилж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Оросын газрын тосыг үнийн дээд хязгаарын дагуу экспортлохыг хориглох тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг лхагва гарагт /2023.02.01/ хүчин төгөлдөр болж байна. Энэ өдрөөс эхлэн Оросын газрын тос экспортлогчид үнийн дээд хязгаар тогтоох механизмыг гаднын компаниудтай хийх гэрээ, хэлэлцээртээ тусгахгүй байх үүрэг хүлээж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлээр гаргасан зарлигийн дагуу үнийн дээд хязгаараар Оросын газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг гаднын хуулийн болон хувь этгээдэд нийлүүлэхийг хориглосон билээ. Эл хориг 2023 оны хоёрдугаар сарын 1-ээс долоодугаар сарын 1-ний хооронд үйлчлэх бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч тусгай шийдвэр гаргаж, зарлигийн зарим заалтыг өөрчлөх эрхтэй гэнэ.

2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд Европын холбоо руу Оросын газрын тосыг далайгаар тээвэрлэн нийлүүлэх хязгаарлалт хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн ЕХ-ны гишүүн орнууд мөн Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосон билээ. Шийдвэр ёсоор Далайгаар тээвэрлэн нийлүүлэх Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг нэг баррелийг 60 ам.доллар байхаар тогтсон. Мөн ийм шийдвэрийг “Их 7” бүлгийн орнууд болон Австрали гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top