Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд болж буй талаар мэдээлсэн билээ.
Сүүлийн 10 орчим жил захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны 23 хувийг зөвхөн газрын маргаан эзэлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдсан. Түүнчлэн цаг хугацаа алдаж, зардал их гаргасан ийм маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль хоорондын зөрчлийг арилгах нь газрын харилцааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд үр нөлөөтэй байх болно гэлээ.
Мөн "Газрын багц хуулийн шинэчлэл бол нэгдүгээрт, энэхүү хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулахад чиглэх ёстой. Аливаа хууль эрх зүйн зохицуулалт тодорхой байх тусам түүний нэг мөр хэрэгжилт сайжирна. Ойлгомжгүй байдал, маргаан, зөрчлөөс үүдэх үр ашиггүй зардал гарахаас сэргийлэх нь эдийн засгийн ч ач холбогдолтой.
Энэ хүрээнд газрын эрхийг Иргэний хуулийн суурь зохицуулалттай нийцүүлэн, эрх үүргийг тодорхой ойлгомжтой болгох хэрэгтэй. Газрыг иргэн хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар ашиглуулах, түүнээс үүсэх үр дагаварын зохицуулалтыг нэг мөр болгож тодорхойлох нь чухал.
Хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, ойлгомжгүй байдал өөрөө хүнд суртал, чирэгдэл, авилга, хээл хахуулийг төрүүлдэг, өдөөдөг. Иймд газар олголт, шилжүүлэлт, бүртгэлийн нарийвчилсан процессыг маш тодорхой байдлаар хуульчлах нь эхний алхам болно. Мөн эдгээр үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, олон нийтийн хяналттай зохион байгуулах эрх зүйн орчинг бий болгосноор газрын харилцаанд хүнд суртал, авлигыг бууруулах дорвитой шинэтгэлийг бий болгож хэрэгжүүлнэ гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )